Норвегийн угсаа залгамжлах гүнж Эпштейнтэй холбоотой шинэ дуулианд өртөв

Норвегийн угсаа залгамжлах гүнж Метте-Марит нас барсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейнтэй олон жилийн турш ойр харилцаатай байсан нь илэрчээ. АНУ-ын шүүхийн Баасан гаригт (2026.01.30) шинээр задруулсан баримтуудад угсаа залгамжлах гүнжийн нэр бараг мянга гаруй удаа дурдагдсан байна. Норвегийн “VG” сонинд бичсэнээр, шинэ баримтуудад гүнж Метте-Марит болон Эпштейн нар 2011–2014 оны хооронд олон тооны цахим шуудан солилцож байсан нь багтсан байв. Метте-Марит 2001 онд Норвегийн ирээдүйн хаан болох хунтайж Хааконтой гэрлэсэн юм. Эпштейний файл задарсан нь хааны гэр бүлийн хувьд эмзэг үетэй нь давхцаж байна.

Тодруулбал, Метте-Маритын хүү Мариус Борг Хөйбигийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж буй шүүх хурал Мягмар гаригт (2026.02.03) эхлэх гэж буй.

Норвегийн угсаа залгамжлах гүнж Эпштейнтэй холбоотой шинэ дуулианд өртөв

Мариус Борг Хөйби

Мариус Борг Хөйби нь гүнж Метте-Марит хунтайжтай гэрлэхээс өмнөх харилцаанаас нь төрсөн хүү юм. Хөйби 38 гэмт хэрэгт, түүний дотор дөрвөн эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэг, мөн халдлага, мансууруулах бодистой холбоотой хэрэгт буруутгагдаж байна. Хэрэв буруутай нь тогтоогдвол 16 жил хүртэл хорих ял сонсох боломжтой. Гэсэн хэдий ч Хөйби эдгээр гэмт хэргийг няцааж буй. Түүний шүүх хурал долоон долоо хоног үргэлжлэх бөгөөд гүнж, хунтайж хоёр оролцохгүй. Энэ хугацаанд тэд хувийн аяллаар явна гэж мэдэгджээ. Хөйби цол хэргэмгүй бөгөөд хаан ширээ залгамжлах дараалалд багтдаггүй. Норвегийн хааны ордон уг хэргийг шүүх байгууллага шийдвэрлэнэ хэмээн мэдэгдэж, нэмэлт тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Метте-Марит Бямба гаригт Эпштейнтэй холбоотой байсан тухайгаа хүлээн зөвшөөрч, уучлал хүсэв.

Эпштейн 2019 онд насанд хүрээгүй хүүхдүүдийн эсрэг бэлгийн гэмт хэрэгт буруутгагдаж, шүүх хурал болохоос өмнө шоронд амиа хорлосон байдаг. Метте-Марит сэтгүүлчдэд хэлэхдээ “Би буруу шийдвэр гаргасан бөгөөд Эпштейнтэй харилцаатай байсан явдалдаа гүнээ харамсаж байна” гэж мэдэгджээ. Шинэ баримтуудад тэднийг ойр дотно, найрсаг харилцаатай байсныг илтгэх захидлууд багтсан байв. Мөн Эпштейн АНУ-д бэлгийн гэмт хэрэгт буруутгагдсанаа хүлээн зөвшөөрснөөс хойш ч харилцаа нь үргэлжилж байжээ. Метте-Марит 2013 онд Эпштейний Флорида мужийн гэрт дөрвөн хоног байрласан гэж баримтад дурдсан боловч тухайн үед Эпштейн өөрөө байгаагүй байна.

Гэхдээ баримтад нэр дурдагдсан нь Эпштейний үйлдсэн гэмт хэрэгт холбоотой, гэм буруутай гэсэн үг биш юм.

Метте-Марит Эпштейний хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлж, түүний талаар хангалттай судалж шалгаагүй, хэн болохыг нь эрт ойлгоогүйдээ өөрийгөө буруутгасан байна. Гэвч 2011 оны нэг цахим шууданд тэрбээр Эпштейний нэрийг интернэтээр хайж үзэхэд “эерэг” мэдээлэл гарч ирээгүй гэж бичсэн нь баримтад багтжээ. Хааны ордон Метте-Марит 2014 онд Эпштейнтэй бичгээр харилцахаа зогсоосон гэдгийг мэдэгдсэн байна. Мөн Эпштейн гүнжтэй нөхөрлөж байсан харилцаагаа бусдад нөлөөлөх хэрэгсэл болгон ашиглахыг оролдож байсан гэж онцлон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн