“Анхны дүрээрээ энэ миний дуртай, хайртай мэргэжил гэдгээ баталсан”

ШИНЭ НЭР

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор залуу уран бүтээлч С.Хонгорхүүг онцлон хүргэж байна. Тэрбээр, удам дамжсан уурхайчин гэр бүлээс гаралтай ч сансрын нисгэгч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн жүжигчин болсон. Түүний хувьд “Алдуул” “МАД” “Гэгээн учрал” зэрэг 20 орчимд уран бүтээлд гол болон туслах дүр бүтээгээд буй. 

Төгссөн сургууль

СУИС-Театрын Урлагийн сургууль

Мэргэжил

Жүжигчин

S_Khongorkhuu /Instagram/,С.Хонгорхүү /facebook/

Бага насаа хаана өнгөрүүлсэн бэ, гэр бүлийнхээ тухай

-Өдрийн мэнд хүргэе. Намайг С.Хонгорхүү гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. Миний хувьд Дорноговь аймгийн Иххэт суманд суманд төрсөн. Гэхдээ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд дунд сургуулиа төгссөн. Учир нь манай аав, ээж хоёр хоёулаа уурхайчин хүмүүс л дээ. Уурхайчид чинь яг л цэргийн хүмүүс шиг ийш, тийшээ байнга нүүж байдаг тийм болохоор аав ээжийгээ дагаад л явна. Намайг гурван настай байхад манайх Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу нүүсэн юм билээ. Тэнд аав, ээж хоёр уурхайд ажилладаг байсан. Бор-Өндөр суманд намайг наймдугаар анги хүртэл амьдарч байгаад Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу нүүсэн. Тэндээ дунд сургуулиа төгссөн. Тэгээд жүжигчин болно гээд шалгалт өгч тэнцээд Соёл Урлагийн Их сургуульд элссэн.

Удам дамжсан уурхайчны хүүг юу жүжигчин мэргэжил рүү хөтөлсөн бэ?

-Манай аав уурхайд бульдозер /шанагат ачигч/ барьдаг байсан. Аавыгаа дагаад л ажил руу нь байнга явна. Тухайн үед машиных нь кабинд суугаад л хамт явахаар маш гоё санагддаг байсан. Тэгээд тухайн үедээ ямар ч байсан дарга л болно гэж боддог байлаа. Тэгсэн жаахан том болоод ирсэн тэр бодол маань сансрын нисгэгч болно гэх мөрөөдлөөр өөрчлөгдсөн л дөө. Яагаад гэхээр манайд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Жанибеков хоёрын зурагтай дурсгалын зоос байдаг байсан юм аа. Түүнийг харахаар их сонирхолтой харагдаад тэгээд судалж үзсэн. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа дэлхийн 101 Азийн хоёр дах сансрын нисгэгч байсан. Тэгээд л тэр хүний түүхийг илүү их судалж мэдэх тусам сансрын нисгэгч болох мөрөөдөлтэй болгосон. Тэгсэн монголд энэ мэргэжлээр сурах боломж байхгүй байсан. Тийм болохоор сансрын нисгэгч болох боломжгүй юм бол жүжигчин болоод тэр мэргэжлийнхээ дүрд тоглоё гэж бодсон. Бас нэг энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан бол Сэргээш-3 хошин шог үзэж байсан чинь төгсгөлд нь хошиг шогоо бүтээж байгаа үйл явцаас харуулдаг. Тэндээс жүжигчид нь бүгд жаргалтай харагдаж байсан. Тэгээд л жүжигчин болъё гэж эргэж буцалтгүй шийдсэн.

Хамгийн анхны кино нь “Гэгээн учрал” УСК билүү. Хамгийн анх дэлгэцийн уран бүтээлд тоглоход ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Дүр дээр ажилласан анхны уран бүтээл бол Гэгээн учрал УСК. Түүнээс өмнө оюутан байхдаа киноны олны хэсэгт тоглодог байсан. Хамгийн сүүлд 2019 оны зун “Single ladies 4” киноны олны хэсэгт ажилласан. Тэндээс камертай хэрхэн харьцах, биеэ яаж авч явах гэх мэт маш олон зүйлийг сурч авсан. Тэгээд 2020 онд “ZEV” фильмийн уран бүтээлчдийн анхны дэлгэцийн уран бүтээл болох “Гэгээн учрал” киноны Бөхөөгийн дүрд тоглох аз завшаан тохиосон. Оюутан байхад тайз дээр түлхүү бэлтгэл хийдэг байсан бол анхны киноноосоо маш их туршлага хуримтлуулсан. Түүнээс хойш мэргэжлээрээ ажиллаад таван жил болж байна. Энэ хугацаанд  гол болон туслах дүрүүдэд тоглоод, суралцаад явж байна.

Анхны уран бүтээлийг нь гэр бүл нь үзээд яаж хүлээж авсан бэ?

Дээр хэлсэн анх жүжигчин болоход манай гэрийнхэн нэлээд дургүй байсан гэж. Гэхдээ анхны дэлгэцийн уран бүтээл “Гэгээн учрал”  киноны Бөхөөгийн дүрээрээ, энэ миний дуртай мэргэжил, мэргэжилдээ үнэхээр хайртай гэдгээ гэрийнхэндээ баталж харуулъя гэж бодсон. Тэгээд киногоо нээхэд аав, ээж маань ирж үзсэн. Тэр үед аав, ээж маань надаар маш их бахархсан. Кино нээсний дараа нь ээж “хүү маань хажууд сууж байгаа хэр нь тэр том дэлгэцээр гарахыг харахад үгээр хэлэмгүй нэг тийм гоё мэдрэмж төрөөд, уйлсан” гэж байсан. Тэр цагаас хойш “миний хүү дуртай зүйлээ хий, аав ээж нь ямар ч үед тусалж дэмжинэ” гэсэн. Энэ тухай ярьсан чинь аав, ээждээ хайртай гэж хэлмээр санагдчихлаа. Энэ завшааныг тохиолдуулаад гэдэг шиг “гэрийнхэндээ баярлалаа, хайртай шүү” гэж хэлье ээ.

Хамгийн сүүлд “ЗЭВ” фильмийн анхны бүтээл “МАД” богино хэмжээний киногоо бүрэн хэмжээний кино болгож үзэгчдийн хүртээл болголоо. Өмнө нь “Алдуул” гээд уран бүтээл нь дэлгэцээр гарч байгаа. Хэчнээн уран бүтээлд дүр бүтээсэн байна.

Сургуулиа төгсөөд таван жил болсон байна. Таван жил нэг их урт хугацаа биш л дээ. Энэ хугацаанд арын алба, туслах болон гол дүрд гээд 20 орчим уран бүтээлд ажилласан байна. “ZEV” фильм анх байгуулагдаад богино кино хийе гээд хийж эхэлсэн юм. Тэгсэн киногоо хийж дуусаад үзсэн чинь маш хайран санагдсан л даа. Тэгээд саяхан МАД” гээд бүрэн хэмжээний кино болгож үзэгчдийн хүртээл болголоо.

Жүжигчний гарааг тавьж өгсаөн, СУИС-д угтаж авсан багшийнхаа талаар ярихгүй юу?

-Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Уранчимэгийн Дэлгэрбуян багшийнхаа удирдлага дор 2017-2021 он хүртэл суралцаж төгссөн. Манай анги хамгийн анхны бие дааж авсан анги нь байсан. Багш маань тухайн үед залуухан байсан болохоор хамт суралцаад л явсан даа. Багш “эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж хаана ч нүүр бардам байгаарай. Жүжигчин хүн дүрийг голох ёсгүй, дүр та нарыг голдог шүү” гэж захидаг байсан.

Уран бүтээлчид зав муутай байдаг. Гэр бүлдээ хэр цаг гаргаж байна?

-Жүжигчин хүний хувьд уран бүтээлд ажиллаагүй үедээ завтай байдаг бол уран бүтээлтэй үед үнэхээр зав гардаггүй. Заавал өглөө 9:00 цагаас очоод орой тэдэн цагт тарна гэсэн зүйл байхгүй болохоор уран бүтээлд тоглоогүй үедээ хэдий дараагийн уран бүтээлийн судалгаа, төлөвлөгөө гэж байдаг боловч гэр бүлдээ цаг зарцуулах боломжтой байдаг. Зураг авалт эхэлсэн үед гэр бүлтэйгээ байх боломж хомс байх үе бий. Тийм учраас урлагийн хүний ар гэр ойлгодог байх нь чухал гэж боддог. Сүүлд гурван уран бүтээлд дараалан ажиллаа. Тийм болохоор чөлөөт цаг гэж одоохондоо гарахгүй байна. Чөлөөт цаг гарвал унтах юмсан гэж бодож байна. Ер нь цаг заваа зохицуулаад өөрийгөө хөгжүүлэх цаг гаргаж спортоор хичээллэхийг зорьдог. Ном бас уншина аа. Ер нь экстрим спортод дуртай. Буудлага, усан спорт, тулааны спортод маш их сонирхолтой. Сүүлийн үед цаг зав жаахан хомс байгаад байна. Гэхдээ дуртай зүйлдээ цаг гаргана аа.

Ирээдүйн зорилго?

-Ирээдүйн хамгийн чухал зорилго гэвэл сайн хань, сайн аав байх ёстой. Мэдээж ажил мэргэжлийнхээ хувьд уран бүтээлээ тасралтгүй туурвина. Ойрын зорилго гэвэл сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн тухай кино хийх юмсан гэж боддог. Үүнийгээ төсөл болгоод ажил хэрэг болгоно. Киноныхоо судалгааг эхлүүлсэн байгаа. Төслөө бариад Ж.Гүррагчаатай гуайтай уулзана даа гэж бодож байгаа.  Энэ л ойрын зорилго болоод байна даа.

Залуу уран бүтээлчийн хувьд уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд, үзэгчдэд юуг түгээхийг хүсдэг вэ?

Сүүлийн үед гэгээлэгээс илүү хар бараан мэдээлэл давамгай болсон. Улс төрийн хэрүүл маргаан их байна. Аль нь үнэн бэ? Гэдгийг хүмүүс маань мэдэхээ больсон. Үе тэнгийн дээрэлхлийн асуудал байна. Байгаль, орчноо хайрлан хамгаалах гээд залуу хүний хувьд санаа зовдог, эмзэглэдэг олон асуудал бий. Цээжээ дэлдсэн бүхэн эх оронч биш. Хамгийн наад зах нь идсэн чихэр, татсан тамхиныхаа ишийг ил хаяхгүй байхаас эх орноо хайрлах эхэлнэ. Тэгэхээр уран бүтээлээрээ дамжуулж монгол хүний мөн чанарын тухай харуулахыг зорьдог. “Алдуул” кинонд монгол хүний ондоошил гэж юу юм, монголчууд яагаад, юунаас болоод монголоо алдаад байна вэ гэдгийг харуулахыг зорьсон.

Миний ярилцлагыг уншиж байгаа хүмүүстээ хэлэхэд ядаж битгий хог хаяарай. Хойч үедээ зөвөөр үлгэрлээрэй гэж хэлмээр байна.

"Анхны дүрээрээ энэ миний дуртай, хайртай мэргэжил гэдгээ баталсан"

Хүндэлж, үлгэр дууриал авдаг жүжигчин

-Үлгэр дууриал авдаг олон хүн бий. Тэдний дундаас Доржсүрэн ахаасаа маш их урам зориг, үлгэр дууриал авдаг. Дооёо ахын хувьд тайз, дэлгэц гээд бүх жанрт мэдрэмжтэй, хаана яаж тоглохоо мэддэг юм шиг санагддаг. Хамт инээдмийн кинонд тоглох юмсан гэсэн нууцхан хүсэл бий. Уулзаад сууж байхад хүртэл гоё мэдрэмж төрүүлдэг.

Дүрээ бүтээхдээ юун дээр анхаарч ажилладаг вэ?

-Зохиолч, найруулагчтайгаа хамтраад дүрийн өнгөрсөн түүхийг илүү гаргаж ажиллахыг хичээдэг. Өгөгдсөн нөхцөлд яаж үнэн ажиллах уу гэж боддог. Залуу, туршлага бага хүний хувьд заавал өөрөөсөө өөр хүнийг гаргахыг хичээддэггүй.

Жүжигчин хүн бүрт л нэг тийм дүрд л тоглочих юмсан гэсэн мөрөөдөл байдаг. Алуурчин, драмын залуу, Марвелийн супер баатрууд дүрд тоглох хэвээрээ биздээ?

-Сансрын нисгэгчийн дүрдээ тоглох хэвээрээ. Дараа нь алуурчны дүрд тоглож өөрийгөө сорино гэж боддог. Марвелийн монгол дүртэй кинонд тогломоор санагддаг даа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн