ХҮМҮҮС
Попын хаан Майкл Жэксоны намтар кино “Michael” дөрөвдүгээр сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн. Тус кино нээлтээ хиймэгцээ дэлхий даяар асар өндөр орлого олоод буйгаас гадна Майкл Жэксоны дуунууд эргэн хит жагсаалтуудад орж ирэв. Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа тус кинонд Майкл Жэксоны дүрийг бүтээсэн залуу жүжигчин, дуучин, бүжигчин Жаафар Жэксоныг онцолж байна.
“Jacksons 5” хамтлагийн гишүүн бөгөөд Майклын төрсөн ах Жермейн Жэксоны хүү Жаафар Жэксон 1996 оны долдугаар сарын 25-нд Лос Анжелест төржээ. Түүний ээж нь колумб гаралтай Алехандра Женевьева Оазиаза гэх эмэгтэй юм. Эцэг эх хоёрынх нь хүүхдүүд нийлээд Жаафар Жэксон ах дүү 11-үүлээ. Жаафар Жэксон 2016 оноос Мэдди Симпсонтой үерхэж, улмаар сүй тавьжээ.
Тэрбээр 2015 онд Майкл Жэксоны гэр бүлийн реалити шоу болох “Living with the Jacksons”-ийн гол дүр болж байв. Урлагийн гэр бүлийн хөвгүүн Жаафарыг авьяасгүй төрсөн гэвэл хүн итгэхгүй. Үнэхээр ч тэрбээр Сэм Күүки, Марвин Гайе нарын дууг өөриймшүүлэн дуулж байгаад, 2019 онд өөрийн анхны уран бүтээл болох “Got Me Singing” дуугаа гаргажээ. Энэхүү уран бүтээл нь хараахан гараагүй байгаа “Famous” цомогт нь багтсан байна. Уг цомгийг 2019–2020 оны үед “Got Me Singing” дууны нээлттэй давхцуулан гаргахаар төлөвлөж байсан ч бүтээгүй аж.

Учир нь дуу бичлэгийн компаниуд түүнийг авга ах Майкл Жэксонтойгоо хэтэрхий адилхан дуулж байна гэж үзсэн учир татгалзжээ. Мөн “NASGO”-той байгуулсан гэрээний хугацаа дууссан, Жаафар өөрөө дуулахаасаа илүү жүжиглэхдээ төвлөрөх болсон зэрэг шалтгаан ч бий.
Жаафар Жэксоны урлагийн мэдрэмж мэдээж гэр бүлтэй нь салшгүй холбоотойгоос гадна Фрэнк Синатра, Стив Вондер нарын шүтээнүүдийг дурдахгүй өнгөрөх боломжгүй. Тэднээс үлгэр дуурайлал авдаг байснаа Жаафар дурсах дуртай.
“Michael” кинонд Жэксоны уран бүтээлийн замналыг 1960-аад он буюу “Jacksons 5” хамтлагийн үеэс эхлээд 1980-аад оны “Bad” цомгийн үе хүртэл харуулна.
Киноны сонгон шалгаруулалт хоёр жил орчим үргэлжилсний эцэст 2023 оны арванхоёрдугаар сард попын хааны дүрд түүний авга дүү тоглох нь тодорхой болсон. Майклын ээж, Жаафарын эмээ Катерин Жэксон энэ шийдвэрийг тааламжтай хүлээн авч байгаагаа мэдэгдээд “Тэр яг л хүүг минь санагдуулдаг” гэж хэлжээ.
Улмаар киноны зураг авалт 2023 оны арваннэгдүгээр сард эхэлж, 2026 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийлээ. Кино нээлтээ хиймэгцээ 217 сая ам.долларын ашиг олсон нь намтар киноны хувьд түүхэн амжилт болсон юм.
Жаафарыг энэ дүрд сонгосон талаар кино продюсер Грэм Кинг ярихдаа “Сонгон шалгаруулалтад дэлхийн өнцөг булан бүрээс 200 орчим жүжигчин ирж оролцсон. Гэсэн ч Жаафар л яг мөн юм шиг мэдрэмж төрүүлсэн. Түүнийг өрөөнд орж ирэхэд Фредди Меркуригийн дүрд тоголсон Рами Малектай уулзах үед төрсөнтэй дүйцэх, бараг түүнээс ч илүү гүн гүнзгий мэдрэмж төрсөн” гэжээ.
Сонгон шалгаруулалт зарлагдсан тэр үед Жаафар жүжиглэх болон бүжиглэх туршлага арвин ихээр хуримтлуулж амжаагүй байв. Гэсэн ч тэр гурван жилийн турш шаргуу бэлтгэл хийж, Майкл Жэксоны бүжиг дэглээчид болох Рич, Тон Талауэга нартай хамтран ажиллажээ. Тэдний хэлснээр, Жаафар төрөлхийн авьяастай, цусанд нь Жэксоны гэр бүлийн авьяас билиг шингэсэн нэгэн аж. Үүний дээр шаргуу хөдөлмөрч зан нэмэгдсэн нь түүнийг амжилтын оргилд хүргэжээ.
Жаафар хэдий дуулдаг ч гэлээ киноны дуунуудыг амьдаар дуулаагүй. Харин Майкл Жэксоны өөрийнх нь хувилбаруудыг шинэчлэн сайжруулж, Жаафар ам барьсан байна.
Тэрбээр авга ахыгаа яг хуулбарлан дуурайх гэхээсээ илүү тайзны илэрхийлэл, эрч хүч, хөдөлгөөний хэмнэлийг нь гаргах гэж зорьсон байна. “Motown” хөгжмийн компанийн 25 жилийн ойд зориулсан тоглолт дээр Майкл Жэксон “Billie Jean” дууг дуулсан байдаг. Чухам энэ үзүүлбэрийг дахин амилуулах Жаафарт хамгийн хэцүү байсан гэдэг.
Шүүмжлэгчид болон үзэгчид “Michael” киноны талаар сайнтай, муутай сэтгэгдэл илэрхийлсэн ч дийлэнхийнх нь сэтгэлд нийцсэн гэхэд болно. Гэхдээ Майкл Жэксоны охин Парис Жэксон кинонд шүүмжлэлтэй хандсан бөгөөд аавынх нь амьдралыг хэт гоёчилж харагдуулсан, бодит байдлаас өөр байсан гэжээ. Мөн киноны зарим хэсэгт өөрийнх нь саналыг тусгаагүй гэжээ.
Жаафар Жэксон авга ахтайгаа хамт өнгөрүүлсэн дурсамжаасаа хуваалцахдаа “Бид гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөөдөг байсан. Майкл манайд ирж, бид хамтдаа тоглож, чихэр идэж, кино үзэж, цагийг зугаатай өнгөрөөдөг байв. Ийм том төсөлд орж байгаа минь маш их хариуцлага. Түүнтэй холбоотой олон цаг мөчийг яг зөв хэвээр нь илэрхийлэхийг би хүссэн. Тэр хүний жинхэнэ мөн чанарыг мэдрэх ёстой байлаа” гэжээ.





