Цэнгэлийн Бүжинлхам мал сүргээ бэлчээрт гаргахын тулд үүрээр эртлэн босно. 51 настай малчин эмэгтэй тэрбээр эхлээд хонь ямаагаа саасны дараа мал сүргээ цаст уулсын бэл дэх бэлчээр рүү туух ажээ.
400 орчим тооны мал сүрэг бол Бүжинлхамын хувьд амин зуулга нь юм. Эдгээр малын сүү, үс ноос, мах нь Монголын уулархаг нутагт хатуу ширүүн улирлууд ээлжлэн солигдох үед түүний болон бусад хүмүүсийн амьжиргааг залгуулж байдаг юм. Мал бол биднийг монголчууд гэдгийг илэрхийлдэг зүйл, мал сүрэггүйгээр бид өөрсдийгөө нүүдэлчин монголчууд гэж хэлэх боломжгүй хэмээн Бүжинлхам ярьж байна.
Баруун Монголын Ховд аймаг дахь Алтайн эгц цавчим уулсын доогуур хар хөх нууруудыг тэтгэж байдаг мөрөн гол, горхиуд урсана. Есдүгээр сар дөнгөж гарч байгаа хэдий ч өвлийн улирал хэдийн ойртон ирж буй нь мэдрэгдэнэ. Мал сүрэг бэлчээрлэж буй газрын зөөлөн ногоон зүлэг нь өглөөний нарны алтрах туяагаар чимэглэгдэж, уулын оройгоос нуурууд хүртэл тогтсон цасан бүрхүүл улам зузаарна.
Монголын газар нутаг маш том бөгөөд хүн ам нь сийрэг тул бүр ч илүү өргөн уудам мэт санагдана. Газар орны сүрлэг төрх байдлыг уул толгод, хадат уулсаас эхлээд хээр талтай залган орших элсэн манхан зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд улам тодруулна. Түүнээс гадна Монгол бол дэлхий дээрх хамгийн сэрүүн бүсийн цогц бэлчээр нутаг, мөнх цэвдэгт дарагдсан нүүрстөрөгчийн хүлэрт газар, Азийн олон гол мөрнүүдийн эх болдог газар орон юм.

өрний нэгэн хэсэг болох Туул голын эрэгт орших Улаанбаатар хот
Бүжинлхамын нэгэн адилаар монголчууд хэдэн мянган жилийн турш байгалийн элбэг дэлбэг нөөцөд тулгуурлан эрс тэс нөхцөлд тэсэн үлдэхийнтулд нүүдлийн мал аж ахуй эрхэлсээр иржээ. Түүхэн уламжлалаар бол малын бэлчээр нь малчин бүрт хүртээмжтэй байв. Малчид хонь, ямаа болон бусад малаа дундын бэлчээртээ адгуулсаар ирсэн болой. Өнөөдөр ч гэсэн Монголын нийт өрхийн дөрөвний нэгийг нүүдэлч малчид бүрдүүлдэг.
Сүүлийн 30 жилийн хугацаанд монголчууд нийгмийн эрс өөрчлөлтүүдтэй нүүр тулсан юм. 1990 онд Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа тэд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжив. Улмаар хотжилт явагдаж эхэлснээр өдгөө хүн амын 70 хувь нь хотуудад амьдарч байна. Аялал жуулчлалын салбар жилээс жилд хурдацтай хөгжсөөр. Уул уурхайн салбар эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлж байна. Мөн өсөн тэлсээр буй дэлхийн ноолуурын зах зээлийн эрэлтийг хангахын тулд малчид малынхаа тоо толгойг эрс өсгөжээ.
Энэ бүх хүчин зүйлс нь газар орны төрх байдлыг эвдсээр байна. Нийт бэлчээрийн талбайн дөрөвний гуравт нь даац хэтэрч, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хөрс доройтсоор байгаа юм. Мөн ой модыг огтлох, уул уурхайн олборлолт, шороон зам зэрэг нь хөрсний доройтолд нөлөөлж байна. Цаг үргэлж хатуу ширүүн уур амьсгалыг сөрсөөр ирсэн малчдын хувьд өвөлжилт хүндрэх давтамж нэмэгдэж, гамшиг дагуулсаар байна. Цасан дороос өвс олж идэх боломжгүй болсны улмаас 2024 онд 8.1 сая мал үхэж үрэгджээ.
Ийм сорилт бэрхшээлүүд тулгарч байсан үед буюу 2024 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Засгийн газраас уламжлалт мэдлэгийг үе дамжуулан үлдээх, тогтвортой амьжиргаа ба хэтийн ирээдүйг дэмжих замаар байгалийн унаган төрхийг хамгаалах зорилгоор 200 орчим сая ам.долларын санхүүжилт гаргахаа зарлан мэдэгдлээ. Үүнд дор хаяж 15 жилийн хугацаа шаардагдах бөгөөд Засгийн газар, төрийн бус байгууллагууд, малчид болон бусад хүмүүсийг хамарсан өргөн хэмжээний түншлэлийг хөгжүүлэх ёстой. Энэ нь өнөө цагт газар орныг хамгаалахад чиглэсэн хамгийн ирээдүйтэй хөтөлбөрүүдийн нэг болж ч магадгүй юм.

Өнө мөнхийн Монгол:
Энэ бол Монголын газар нутгийн 30 хувийг хамгаалалтад хамруулах шинэ төлөвлөгөө
Энэхүү хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, TNC болон Монголын Байгалийн Өв Сан хамтран “Enduring Earth” гэдэг нэртэй олон улсын байгаль хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан юм. Enduring Earth санг 2021 онд Байгаль Хамгаалах Сан, Пью Буяны Сан, Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сан болон ZOMALAB хамтран Монгол төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт, янз бүрийн тивүүдэд орших улс орнуудад үндэсний хэмжээнд байгаль хамгаалах ажлыг дэмжих зорилгоор байгуулжээ.
Монголд энэхүү ажлыг эхлүүлэхийн тулд The Nature Conservancy байгууллага санаачлан шинээр байгуулагдах санд зориулж хувь хүмүүсийн болон олон улсын хандиваар 71 сая ам.долларын хөрөнгийг босголоо. Үүн дээр нэмж Монголын Засгийн газраас 15 жилийн хугацаанд 127 сая ам.доллар хандивлана. Засгийн газар зарим зүйлийг нарийвчлан боловсруулж байгаа бөгөөд дээрх мөнгийг гадаадын жуулчдаас авдаг хураамжийг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийн олборлолт болон уул уурхайн салбараас хураамж авах зэргээр олох боломжтой. Эцсийн эцэст гол зорилго бол газрын ашиглалтыг бүх хүний хувьд өмнөхөөс илүү тогтвортой болгох явдал мөн.
Үүнийг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол Монголын малчидтай хамтран экологийн тогтолцоог хамгаалах явдал юм.
“Хүмүүсийн амьдрах орчныг нь өөрчлөхгүйгээр хэвээр байлгахын тулд тэднийг боловсролтой болгох хэрэгтэй” гэж TNC Mongolia компанийн захирал Даваагийн Галбадрах (Гала) хэлэв. “Үүнийг хийж чадах хүмүүс бол тухайн орчинд амьдардаг хүмүүс юм.”

өрөвний нэг орчмынх нь амьдралын хэв маягийг тодорхойлдог салбар бөгөөд тэд хонь ямааныхаа ноос ноолуурыг дэлхийн зах зээлд борлуулдаг. © Гэрэл зургийг Мэтью Палей
Монгол бол байгаль хамгаалах тал дээр дэлхий дээрх хамгийн баялаг түүхэн уламжлалтай улс юм. Улаанбаатар хотын өмнө орших Богдхан уул бол хуулиар хамгаалагдсан дэлхий дээрх анхны дархан цаазтай газруудын нэг билээ. 1990-ээд оны эхээр ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойш тус улс газар нутгийнхаа 21 хувийг тусгай хамгаалалтанд авчээ. Харин хөрөнгө мөнгөний хомсдол, газар оронд явуулж буй хяналт шалгалтын явц, үр дүн харилцан адилгүй байгаа нь байгаль хамгааллын үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг.
“Өнө мөнхийн Монгол” нэртэй 2024 онд эхлэлээ тавьсан байгаль хамгааллын хөтөлбөр нь онгон зэрлэг газар нутгийн менежментийг өргөн хүрээнд шинэчлэх боломжийг олгож байна. Гэрээний дагуу Засгийн газар ирэх 10 жилийн хугацаанд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 35 сая га газраар тэлж, улсын нийт нутаг дэвсгэрийн 30 хувьд хүргэх ёстой. Ингэснээр одоогийн тусгай хамгаалалттай газрын тогтолцооны менежментийг бэхжүүлэхэд санхүүжилт олгоно. Мөн улсын тусгай хамгаалалттай газрын гаднах 84 сая га газарт илүү тогтвортой бэлчээр ашиглалтад шилжихийн тулд Монголын 200 мянга орчим малчин өрхтэй өргөн хүрээнд хамтран ажиллана. Энэхүү гэрээний хэрэгжилт одоо шийдвэрлэх чухал үе шатандаа оржээ.
“Уур амьсгалын өөрчлөлт манай оронд аль хэдийн явагдаад эхэлжээ. Хатуу ширүүн өвөл, ган гачиг, шороон шуурга зэрэг уур амьсгалын нөлөөгөөр үүссэн гамшигт үзэгдлүүд өмнөхөөс илүү олон удаа тохиох болсон нь монголчуудад хүндээр тусч байна” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Бат-Өлзийгийн Бат-Эрдэнэ гэрээг байгуулах үеэр хэллээ. Тодруулбал, 1940-2015 оны хооронд Монголын агаарын дундаж хэм +2 хэмээр нэмэгдсэн нь дэлхий дээрх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм.
Бүжинлхам 30 жилийн турш ган гачиг, зудыг даван туулж, мал сүргээ өсгөсөөр байна. Зуд гэдэг нь их хэмжээний цас орж, мөстсөн үед олон тооны мал бэлчээрлэх боломжгүй болохыг хэлдэг бөгөөд хүйтний улиралд хөдөө аж ахуйд тохиодог гамшгуудын нэг юм. Өдгөө энэхүү гамшиг олон удаагийн давтамжтайгаар, илүү ноцтой хэлбэрээр тохиож байна. Хорогдсон малаа нөхөхийн тулд малчид сүргийнхээ тоог нэмэгдүүлэхээс аргагүйд хүрч, үүний улмаас бэлчээрийн доройтол үүсдэг.
“Өнгөрсөн жил буюу 2023-24 оны өвөл өнтэй сайхан байлаа, гэхдээ бид 2020 оноос хойш хатуу ширүүн үеүдтэй удаа дараа тулгарсаар ирсэн” тухайгаа Бүжинлхам ярьж байна. 1999 онд тэрбээр орон нутгийн байгаль хамгаалагчийн зөвлөснөөр малчдын бүлэгт элссэн бөгөөд “энэ бүлгийн ачаар бид байгалийн бэрхшээлийг даван туулахад хангалттай хэмжээний малын тэжээлтэй болсон” хэмээн ярилаа.
1920-иод оноос 1990-ээд он хүртэл оршин тогтносон коммунист дэглэмийн үед хоршооллууд газар сайгүй байгуулагдсан боловч малчид малаа өмчлөх эрхгүй байв. Харин Монгол Улс ардчилалд шилжсэний дараа малчид хариулж буй малаа өмчлөх эрхтэй болсноор нэгдэл хоршооллоос салж өөрсдөө бие даан аж ахуй эрхлэх болжээ.
Харин сүүлийн үед малчид дангаараа бус хамтдаа ажиллахын ашиг тусыг мэдэрч, орон нутгийн иргэдэд тулгуурласан байгууллагуудыг үүсгэн байгуулж эхэллээ. Ажлаа хамтран хийж, орлогоо нэгтгэснээр нийт орлогын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг тэд олж харжээ. Энэ нь бэлчээрийн даац хэтрэх аюулаас байгаль орчныг хамгаалахад ач тустай хэмээн байгаль хамгаалагчид үзэж байна.
Хөвсгөл аймагт амьдардаг Галбадрах, Нарантуяа нарын хувьд малынхаа сүү, махны гарцыг өсгөх нь гэр бүлийнх нь гол ажил юм. Тэдний охин Энхжин жил бүрийн зун гэртээ ирж, ээжийнхээ өдөр тутмын ажилд тусалдаг бөгөөд малын сүүгээр тухайн нутагт түгээмэл дэлгэрсэн бүтээгдэхүүн буюу хатаасан бяслаг болох “ааруул” хийдэг.

TNC Mongolia байгууллага 10 орчим жилийн хугацаанд Монголын нутаг дэвсгэрийн 28 байршилд Бүжинлхам зэрэг малчидтай хамтран малчдын хамтын бүлгүүдийг байгуулж, тэдгээрийг орон нутгийн засаг захиргааны зүгээс хүлээн зөвшөөрөхөд нь дэмжлэг үзүүлсээр ирлээ. “Өнө мөнхийн Монгол” нь эдгээр бүлгийг дэмжиж, улс даяар өргөжин тэлэхэд нь туслах зорилготой юм.
Малчид хамт олонд суурилсан байгууллагыг бий болгохын тулд байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөөгөө гаргах ёстой. Байгаль хамгааллын байгууллага нь төлөвлөгөө гаргахад зөвлөгөө өгч, сургалтууд зохион байгуулдаг. Эдгээр сургалт нь эдийн засгийн шинэ боломжуудыг судлан ашиглах, байгаль орчныг хамгаалах байдлаар бэлчээрийн менежментийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл бүхий шийдвэр гаргахад тусалдаг. Мөн засгийн газрын албан тушаалтнуудад өөрсдийн дуу хоолойг хэрхэн хүргэхийг зааж сургадаг.

ХАМГААЛАЛ Сүүлийн жилүүдэд Монгол Улс байгалийн хамгааллыг өргөжүүлж, улс, орон нутгийн хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 21 хувийг хамруулжээ. Цаашдаа тусгай хамгаалалттай газрын хэмжээг 30 хувьд хүргэн нэмэгдүүлэх зорилго тавьсан байна. Газрын зургийн эх сурвалж: Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Natural Earth сан, Эсри. © Крис Брюс/TNC
Өдгөө Бүжинлхам Ховдын 10 өрхөөс бүрдсэн мал аж ахуйн бүлгээ удирдаж байна. Эдгээр өрх дундаа томоохон малын хашаатай бөгөөд ямааны ноолуур самнах, хонины ноос хяргах ажлыг хамтдаа хийдэг. Тэд хамтран малынхаа түүхий эдийг боловсруулахаас өмнө үс ноосыг нь хямдхан зардаг байв. “Хэрэв та 5 килограмм хонины ноосыг түүхийгээр нь зарвал 10 мянган төгрөг олох боломжтой, харин боловсруулаад зарвал 450 мянган төгрөгт хүргэн өсгөж болно” гэж Бүжинлхам ярилаа.
Малчид малынхаа түүхий эдийг борлуулж, илүү их орлого олох болсон учраас цөөн тооны мал хариулах болжээ. Бүжинлхамынх 400 толгой мал тоолуулсан нь харьцангуй цөөн гэсэн үг бөгөөд тэрбээр жилд 15 сая гаруй төгрөгийн орлого олдог. Малчдын орлого, ажил эрхлэлтийн талаар 2023 онд хийсэн судалгааны тоо баримтыг харвал, 200-500 малтай ердийн дундаж өрх дээрх хэмжээний орлого олохын тулд сүргийнхээ тоог хоёр дахин өсгөх шаардлагатай болно. Бүжинлхамын хамтын бүлэг зарим үед гоёмсог тоглоом гэх мэт өөрсдийн гараар хийсэн бүтээгдэхүүнүүдийг зарж борлуулан, орлогынхоо эх үүсвэрүүдийг төрөлжүүлдэг. Үүний ачаар Бүжинлхам гурван хүүхдийнхээ дээд сургуульд сурах зардлыг төлж чаджээ.
“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг бие даасан хөтөлбөр болгохын тулд Засгийн газрын зүгээс урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг олох хэд хэдэн арга замыг судлан хэлэлцжээ. Тэдгээрийн нэг нь аялал жуулчлалын төлбөрийн багц юм. Засгийн газар аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд саяхан хийсэн тооцоогоор, тус салбар сүүлийн жилүүдэд жил бүр 10 орчим хувиар тэлж байна. Үүний сацуу тусгай хамгаалалттай газруудад аялал жуулчлалыг хэт хавтгайруулан хөгжүүлэхээс зайлсхийх нь зүйтэй гэдгийг засгийн газар хүлээн зөвшөөрдөг.
Улаанбаатараас ердөө 50 бээрийн зайд орших Хустайн байгалийн цогцолбор газар бол энэхүү тэнцвэрийг хадгалахад чиглэсэн хүчин чармайлтуудын нэг жишээ юм. Агаарын хэм -10-20 хэм байх үед буюу 12 дугаар сар гарсан гэмээргүй нэгэн дулаахан өглөө цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ц.Дашпүрэв цастай толгодын дундуур бэлчиж буй тахь буюу Пржевальскийн адуун сүргийн зүгт заалаа. Жижигхэн сэгсгэр биетэй, бараан дэлтэй, бор шаргал зүсмийн амьтад харагдана. “Манайх бол тахь адууг ийм ойрхноос харах боломжтой цорын ганц цэцэрлэгт хүрээлэн” гэж тэрбээр хэлэв.
Пржевальскийн адуу буюу монголчуудын нэрлэдгээр “тахь” бол хэзээ ч гаршуулан тэжээж байгаагүй адууны цорын ганц үүлдэр бөгөөд 1960-аад оны үед байгаль дээрх тархац нутагтаа устаж үгүй болжээ. 1992 онд Хустайн адууг цэцэрлэгт хүрээлэнд дахин нутагшуулснаар адууны тоо толгой жилээс жилд нэмэгдэж байна. Мөн тэнд тарвага, улаан буга зэрэг зэрлэг ан амьтад өсөн үржиж байгаа бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэн нь одоо Монголын бусад нутагт зэрлэг амьтдыг дахин нутагшуулах гол газруудын нэг болжээ.
“Манай санхүүжилтийн 80 хувь нь тахийг харах хүсэлтэй жуулчдын төлдөг мөнгөнөөс бүрддэг” гэж Дашпүрэв хэлээд, аялал жуулчлалын ачаар цэцэрлэгт хүрээлэн маань өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болсон, 2012 оноос хойш хойш бид татвар төлөгчдийн мөнгөнөөс ганц ч төгрөг аваагүй” хэмээн онцлон дурдлаа.


Дашпүрэвийн ярьснаар, тус амьтны хүрээлэн амжилттай ажиллаж буй нь хэд хэдэн шалтгаантай ажээ. Тодруулбал, хүрээлэнг анхнаас нь Пржевальскийн адуунд зориулан байгуулсан, санхүүжилтийн хувьд Засгийн газраас хамаардаггүй, хотод ойрхон байршилтай, орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажилладаг зэргийг дурдаж болно. Хустай амжилтай ажиллаж байгаа нь олон улсын хандивлагчдаас ирүүлсэн анхны санхүүжилт, ажиллах хүчний дийлэнхийг бүрдүүлж буй орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажиллаж буйтай шууд холбоотой.
Дашпүрэв ярихдаа, байгаль орчны хууль тогтоомжууд ба бодлогын өөрчлөлт нь Хустай болон бусад газарт дахин нутагшуулсан зэрлэг амьтдын амьдрах орчинд хэрхэн эергээр эсвэл сөргөөр нөлөөлж болохыг өөрийн биеэр харж мэдэрсэн гэлээ. Тухайлбал, “Өнө мөнхийн Монгол” гэх мэт биологийн олон янз байдлын хамгаалах санаачилгыг нурааж болзошгүй бодлого явагдаж буйг дурдав. Жишээ нь, 2019 онд Засгийн газрын шийдвэрээр олон жижиг уурхайн лицензийг цуцалсан юм. Үүний улмаас өмнө нь хуулийн дагуу мөнгөн ус ашиглахаас татгалзаж, олборлолтын дараа газрыг нөхөн сэргээх үүрэг хүлээсэн тусгай зөвшөөрөл бүхий оператор компаниуд аюулгүй байдлын ба экологийн шаардлагуудыг үл хайхран олборлолтоо үргэлжлүүлсэн нь урьдчилан тооцоогүй үр дагаврыг авчирлаа. Энэ бүхэн нь эдийн засгийн хөгжлийг тэнцвэржүүлэхтэй холбоотой сорилт бэрхшээл тасралтгүй үргэлжилсээр буйг илтгэж буй эрхзүйн хэм хэмжээ юм. Уул уурхай, аялал жуулчлалын аль алиных нь хөгжил улс даяарх байгаль орчныг хамгаалах ажиллагаатай уялдаа холбоотой байх учиртай.
2024 оны наймдугаар сард туршлагатай гэрээт гүйцэтгэгч болон нутгийн нэгэн малчинтай хамтран Хөвсгөл аймгийн баруун хойд нутагт бэлчээрлэж буй 59 хонинд GPS хяналтын хүзүүвч зүүжээ. Дэлхий дээр үлдсэн 20 орчим “эртний” нууруудын нэг болох Хөвсгөлөөр нэрлэгдсэн тус аймаг тайгын их ойн захад орших бөгөөд сүрлэг уулсын оргилууд, намгархаг газруудаар хүрээлэгдсэн тул тээврийн хэрэгслээр хүрэх боломжгүй, мориор очих нь эрсдэлтэй. Нуурыг тойроод АНУ дахь Йеллоустоуны үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ч том хэмжээний цэцэрлэгт хүрээлэн бий.
Энэ бол нутгийн мал сүрэг хэзээ, хаана бэлчээрлэдэг болохыг илүү сайн тодорхойлох зорилго бүхий судалгааны ажлын нэг хэсэг юм. TNC Mongolia компанийн уур амьсгалын төслийн зохицуулагч Бямбадоржийн Долгорын удирдсан энэхүү судалгааны явцад, мал сүрэг гол мөрний эрэг, хүлэрт намаг зэрэг эмзэг газруудад бэлчээрлэж байгаа эсэхийг тодорхойлохыг зорьж байна.
“Бэлчээр сэлгэх үед ч гэсэн хонин сүрэг хүлэртэй газарт бэлчээрлэж буйг олж тогтоосон, ингэх болов уу гэж бид таамаглаж байсан хэдий ч баримтаар нотолж чадаагүй байсан юм” гэж Долгор ярилаа.
Ийм мэдээллийг авснаар ирээдүйд хамгаалалтын байршлыг тодорхойлоход чиглэсэн засгийн газрын үйл ажиллагааг замчлахад тус дөхөм болно. Энэ бол илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж буй TNC-ийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. Тус байгууллагын судлаачид гол мөрний эх, хүлэрт намаг бүхий эмзэг мөнх цэвдэгт бүс зэрэг чухал газруудын байршлыг тодорхойлох зорилгоор олон газар нутагт газрын зураглал хийжээ.
Бэлчээр ашиглалтыг оновчтой болгосноор Монголын бэлчээр нь ойролцоогоор 16 сая тонн нүүрстөрөгчийг шингээх боломжтой тул дэлхийн дулаарлыг бууруулахад ач тусаа өгнө. Төдийлөн хангалттай хэмжээнд судлагдаагүй ч гэсэн хүлэрт намагтай газрын ач холбогдол маш их. Дэлхий даяарх хүлэрт намаг нь манай гаргийн хуурай газрын ердөө гуравхан хувийг эзэлдэг боловч дэлхийн ой модтой харьцуулахад хоёр дахин их хэмжээний нүүрстөрөгчийг шингээдэг байна. Учир нь, хүлэрт намаг нь ус ихтэй тул органик бодисуудын задралыг удаашруулдаг ажээ. Харин ил гарч, хатах аваас энэхүү үүрэг нь алдагдаж, асар их хэмжээний нүүрстөрөгч агаар мандалд цацагдах болно.

өөрийн болон эцгийнхээ төрсөн нутаг болох Баруун Монголын өвс ихтэй хүлэрт намагтай газар болох Ендөрт хөндийд ургасан зэрлэг цэцэгсийг харах дуртай. Өдгөө тэрбээр The Nature Conservancy байгууллагад сайн дурын ажилтнаар ажилладаг бөгөөд хууль бус ан агнуураас тус хөндийг хамгаалахад хувь нэмрээ оруулдаг. © Гэрэл зургийг Мэтье
Монголын хүлэрт намаг дотор хэр хэмжээний нүүрстөрөгч агуулагддаг болохыг эрдэмтэд хараахан тодорхойлж чадаагүй байна. Үүнийг тодорхойлох үүднээс TNC байгууллагын судлаачид 2023 онд бэлчээрийн судалгааны хүрээнд тухайн нутгаас хөрсний дээж авчээ. Ингэснээр хүлэрт намаг нь хаана хэр хэмжээний нүүрстөрөгчийг шингээн хадгалж байгааг тодорхойлох бөгөөд энэхүү мэдээлэл нь бэлчээрийн менежментийг сайжруулах, хүлэрийн дээр байх мөнх цэвдэгт давхаргыг эвдрэлээс урьдчилан сэргийлэхэд тус дөхөм болно. Тухайлбал, бэлчээрийн судалгааны явцад, мал сүрэг хүлэрт намаг бүхий газраар шилжин хөдөлж буйг тогтоосны дараа байгаль хамгаалагчид өөрчлөлт хийхийг зөвлөжээ. “Хөвсгөл дэх хүлэрт намгархаг газрыг дахин шинээр хашаалахаар төлөвлөж байна” гэж Долгор ярилаа. Мөн хүлэрт намгархаг газрын ач холбогдлыг ойлгуулан таниулахын тулд орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.
бэлчээр нутгаар урсдаг голуудыг тэтгэдэг бөгөөд энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн үед туйлын чухал. © Гэрэл зургийг Мэтье Палей
Малчид, байгаль хамгаалагчид, эрдэмтэд, албаны хүмүүс бүгдээрээ хамтраад Монголын байгаль орчны төрх байдлыг хадгалан хамгаалах зорилгоор “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд ажиллаж эхэллээ. Хүлэрт намгархаг газарт хийгдэж буй ажил нь нөхцөл байдал бага боловч сайжран өөрчлөгдсөнийг харуулж байна. Монголын уур амьсгал аль хэдийн өөрчлөгдөөд эхэлсэн боловч хэрвээ олон нийт нүүрстөрөгчийг шингээж буй эдгээр газар орны төрх байдлыг цаг алдалгүй хамгаалж чадах аваас цаашид гарах уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж чадна.
“Бид үргэлж ийм байсаар ирсэн, мал сүрэг маань ч хүнд хэцүү нөхцөлд бэлчээрлэсээр ирсэн, газар хөрс маань үргэлж доройтсоор байсан гэх ойлголтоос ангижрах нь зүйтэй” гэж Гала ярьж байна. “Бид орон нутгийн иргэдтэй хамтран илүү нарийн судалгаа хийснээр нөхцөл байдал цаг үргэлжид ийм байгаагүйг олж тогтоосон бөгөөд боломжтой төдийгүй бүх хүнд үр өгөөжөө өгөх дасан зохицохуйд шилжих нь зүйтэй хэмээн үзэж байна” гэж тэрбээр эцэст нь хэллээ.
(Энэхүү нийтлэл 2025 оны 11 дүгээр сард
сэтгүүлд нэртэй хэвлэгджээ)
Португал улсад ажилладаг Францын гэрэл зурагчин бөгөөд хүмүүс ба байгаль орчны сэдэвтэй түүний гэрэл зургууд нь National Geographic сэтгүүлд нийтлэгджээ.
сэтгүүлч олон гадаад хэвлэлд Монголын талаар бичсэн нийтлэлүүд ProPublica, Foreign Policy magazine сэтгүүлүүдэд хэвлэгджээ. Одоо агентлагийн Гадаадад мэдээлэх албаны даргаар ажиллаж байна.
Орчуулсан: Б.Адъяахүү
