Японд дэгдсэн ойн түймэр намжжээ

ОЦҮЧИ, 2026 оны дөрөвдүгээр сарын 29 /NHK/. Японы зүүн хойд нутагт долоо хоногийн өмнө гарсан ойн түймэр намжсан талаар тус улсын Гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлжээ.

Иватэ муж болон Оцүчи хотын захиргаанаас мэдээлснээр, мягмар гаргийн өглөөний байдлаар Кирихири дүүргийн орчимд 1187 га, Козүчи дүүргийн орчмын 446 га, нийт 1633 га талбай түймэрт өртөөд байна. Гал түймрийн улмаас тус бүс нутгийн 3257 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр хүчинтэй хэвээр байгаа юм.

Орон нутгийн цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр, даваа гарагт эхэлсэн хур тунадас үргэлжлэн орж, мягмар гаргийн 20:00 цаг гэхэд тус хотод 5.5 мм тунадас унажээ.

Гал түймэртэй тэмцэх албаны мэргэжилтнүүд хэлэхдээ, гал сөнөөгчдийн хичээл зүтгэл, түүнчлэн бороо орсны ачаар түймрийн томоохон голомт дарагдаж, суурьшлын бүс рүү гал тархах эрсдэл буурсан гэв. Оцүчи хотын дарга Хирано Козо нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ “хамгийн эгзэгтэй үе ард хоцорсон” хэмээн мэдэгдсэн байна.

Гэсэн хэдий ч уулын гүнд түймэр дахин дэгдээх эрсдэлтэй голомтууд байсаар байгааг албаныхан анхааруулжээ. Одоогийн байдлаар галыг бүрэн хяналтад авч, дахин дэгдэхээс сэргийлэхээр Гал түймэртэй тэмцэх албаны гал сөнөөгчид, Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчид зэрэг 1000 гаруй хүн ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн