Их Британийн Хаан III Чарльз АНУ-ын Конгресст мягмар гарагт үг хэлэхдээ Европ болон Ойрх Дорнодод тодорхойгүй байдал, зөрчилдөөн үүсээд буй энэ үед Их Британи, АНУ хоёр ардчиллыг хамгаалах үйлст ямагт нэгдмэл байж, үргэлж ойрын нягт холбоотнууд хэвээр байх болно хэмээн мэдэгджээ. Ирантай хийж буй дайны асуудлаас үүдэн он удаан жилийн түүхтэй холбоотон хоёр орны дунд санал зөрөлдөөн гүнзгийрээд байгаа үед тэрбээр ийнхүү мэдэгдлээ.
Хаан III Чарльз, Хатан Камилла нарыг танхимд орж ирэхэд хууль тогтоогчид алга ташин угтан авчээ. “Бидний дунд ямар ч санал зөрөлдөөн үүслээ гэсэн ардчиллыг дээдлэх, ард иргэдээ аюул ослоос хамгаалах, эх орныхоо төлөө өдөр бүр амь насаараа дэнчин тавьж буй хүмүүсийн эр зоригийг хүндэтгэх тал дээр бид нэгдмэл хэвээр байх болно” хэмээн тэрбээр Сенат болон Төлөөлөгчдийн танхимын хамтарсан хуралдаанд үг хэлэхдээ мэдэгджээ.
Букингемийн ордны зүгээс уг илтгэлийг улс төрөөс ангид байна гэж өмнө нь мэдэгдэж байсан боловч Д.Трамп НАТО-г шүүмжилсэнтэй холбогдуулан Хаан III Чарльз зарим зүйлийг хөндсөн байна. Тухайлбал, АНУ-аас Украинд үргэлжлүүлэн тусламж үзүүлэх нь чухал болохыг онцлоод, тусгаарлах үзлийн аюулыг анхааруулсны сацуу байгаль орчныг хамгаалах асуудлыг хөнджээ.
Д.Трамп НАТО болон Европын холбоотнуудаа ихээхэн шүүмжсээр ирсэн бөгөөд хамгийн сүүлд Ираны эсрэг АНУ-Израилын ажилллагаанд цэргийн тусламж үзүүлэхээс татгалзсаны дараа тэднийг шүүмжилсэн юм.
III Чарльз АНУ-ын Конгресст хандаж үг хэлсэн Их Британийн хоёр дахь хаан болж байна.
Тэрбээр дөрвөн өдөр үргэлжлэх төрийн айлчлалынхаа хоёр дахь өдөр Конгресст үг хэлсэн бөгөөд түүний айлчлал хоёр орны харилцаа муудаад байгаа үед болж байна. Д.Трамп Ираны эсрэг явуулж буй ажиллагаанд дэмжлэг үзүүлэхгүй байна гэж Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерыг удаа дараа шүүмжилсэн нь харилцаа “хүйтрэхэд” нөлөөлжээ.
Үүнээс өмнө Цагаан ордонд болсон угтах ёслолын үеэр Д.Трамп Тусгаар тогтнолын дайны үеэр дайсагнагч талууд байсан үеэс хойш Британи, Америкийн ард түмний дунд үүссэн нөхөрлөлийг онцолжээ.
Гэсэн хэдий ч Ираны эсрэг явуулж буй АНУ-Израилын цэргийн ажиллагаанаас үүдэн хоёр орны үл ойлголцол нэмэгдэж байгаа тул Пентагоны дотоод цахим захидалд “Фолклендын арлуудын асуудлаарх Британийн байр суурийг дэмжих эсэхээ Вашингтон эргэн харж магадгүй” гэж дурдсан байна.