Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай бага хурал эхэлжээ

Цөмийн зэвсгийг дэлхий даяар хорогдуулах тухай НҮБ-ын бага хурал Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд эхэллээ. Дэлхий даяар геополитикийн тогтворгүй байдал үргэлжилж байгаа үед болж буй тул энэхүү арга хэмжээ ихээхэн чухал ач холбогдолтой юм.

Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ (NPT)-ний хяналтын бага хурал Даваа гаригт (2026.04.27) эхэлжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээлтийн үеэр үг хэлэхдээ, цөмийн зэвсгийн өсөн нэмэгдэж буй аюулын талаар анхааруулжээ. Тэрбээр “Зарим засгийн газрууд ийм аймшигт зэвсгийг эзэмших талаар ил тод ярьж байна. Цөмийн дайнд ялагч байдаггүй. Тиймээс хэзээ ч хийх ёсгүй гэдгийг бид мартсан уу?” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Хурлын эхэнд АНУ болон Ираны төлөөлөгчид маргаан үүсгэжээ.

Тодруулбал, Ираныг хурлын дэд даргын нэгээр нэр дэвшсэнд АНУ-ын төлөөлөгч эсэргүүцсэн аж. Тус төлөөлөгч Ираныг “NPT” гэрээний үүргээ удаан хугацаанд үл ойшоож ирсэн гэж мэдэгджээ. Мөн Тегеран Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-тай хамтран ажиллаж, цөмийн хөтөлбөрийнхөө талаар тодорхойгүй асуултуудыг шийдвэрлэхээс татгалзаж байгаа гэж буруутгажээ.

Харин Ираны төлөөлөгч АНУ-ыг шүүмжилсэн байна. Тэрбээр АНУ нь цөмийн зэвсэг ашигласан цорын ганц улс бөгөөд цөмийн зэвсгээ үргэлжлүүлэн шинэчилж, өргөтгөж байгаа гэж хариу мэдэгджээ. Мөн АНУ өөрийгөө “хууль сахиулагч” мэтээр суртал ухуулга хийх гэж хичээж, бусад орнууд дүрмээ мөрдөж байгаа эсэхийг хянахыг оролддог гэж буруутгасан байна.

Нийт 191 улс “NPT” гэрээнд нэгдсэн байдаг. Энэхүү гэрээ нь АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад гэсэн таван цөмийн чадавхтай улсыг зэвсэг хорогдуулах талаар хэлэлцэх үүрэгтэй болгосон. Харин бусад орнуудыг цөмийн зэвсэг хөгжүүлэх эсвэл эзэмшихийг хориглодог. Сүүлийн хоёр удаагийн хяналтын бага хурал тодорхой үр дүнд хүрч чадаагүй тул энэ удаад дахин тийм байдал давтагдахгүй байлгах шахалт өндөр байна. Гол асуудал нь улс орнууд цөмийн зэвсгийг бууруулах дэлхийн хэмжээний хүчин чармайлтаа үргэлжлүүлэх тохиролцоонд хүрч чадах эсэх юм.Уг хурал тавдугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн