“Израиль улс хулгайн улаан буудайг мэдсээр байж боомтдоо буулгасан”

Украины ерөнхийлөгч Зеленский Оросын хулгайлсан улаан буудайг мэдсээр байж өөрсдийн боомтуудад буулгасан гэж Израилийг буруутгаж байна. Мөн энэ тээвэрлэлттэй холбоотой хэн бүхэнд хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв. Украин энэ асуудлаар Израилийн албаныханд олон удаа хандсан ч нөхцөл байдал өөрлөгдөхгүй хэвээр байгаа аж.

“Panormitis” нэртэй хөлөг онгоц Израилийн усан хилээр орж ирснээр хоёр улсын зөрчил хурцдаад байна. Тус хөлөг өнгөрсөн долоо хоногт Хайфагийн буланд орж ирсэн бөгөөд одоогоор зогсоол хүлээн далайд зангуугаа буулгасан байдалтай байна.

Украины мэдээлж буйгаар, “Panormitis” хөлөг Киевийн эзлэгдсэн бүс нутгаас хулгайлагдсан улаан буудайг тээвэрлэж явжээ. Хэрвээ ачаагаа буулгавал энэ сар гарсаар Хайфад ийм төрлийн ачаа хоёр дахиа бууж байна гэсэн үг.

“Хулгайн бараа худалдан авбал аль ч улс хариуцлага хүлээнэ. Энэ нь ялангуяа Оросын хулгайлсан үр тарианд бүр их хамаатай. Энэ бол хууль ёсны бизнес биш. Израилийн эрх баригчид боомтуудад нь ямар хөлөг онгоц ирж, ямар ачаа тээвэрлэж байгааг мэдэхгүй байж болохгүй” гэж Зеленский хэлжээ.

Израилийн Гадаад хэргийн сайд Гидеон Саар Украины мэдэгдлийг хүчтэй эсэргүүцэж байна. Тэрбээр Украиныг “Твиттер дипломат ажиллагаа” явуулж байна гэж буруутгажээ. Мөн үр тариа хулгайлагдсан гэх мэдээллийнхээ нотлох баримтыг ирүүлээгүй гэжээ.

Израилийн “Haaretz” хэвлэлд мэдээлснээр энэ онд тус улсад дөрвөн ч удаа хууль бус үр тарианы тээвэрлэлт бүртгэгджээ. Харин анхлан бүртгэгдсэн нь 2023 он бөгөөд үүнээс хойш нийт тээвэрлэлтийн тоо 30 даваад байгаа аж.

Дайн эхэлснээс хойш л хөдөө аж ахуй бүтээгдэхүүнийг нь системтэйгээр дээрэмдсэн гэж Украин ОХУ-ыг буруутгадаг. Хулгайн үр тариа дэлхийн зах зээл дээр эх үүсвэр тодорхойгүйгээр зарагдсаар байгаа гэж Украин мэдэгдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн