Украины арми Оросын өмнөд хэсгийн Туапсе газрын тос боловсруулах үйлдвэрт хоёр дахь удаагаа дроноор цохилт өгчээ. Эхний цохилт нь хэдхэн хоногийн өмнө байсан. Тус үйлдвэр нь Хар тэнгисийн эрэгт байрладаг. Бүс нутгийн захирагчийн мэдээлснээр дроны цохилтоос болж томоохон хэмжээний гал гарч, ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тушаал өгчээ.
Туапсе газрын тос боловсруулах үйлдвэр нь өдөрт 240 мянган баррель газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай.
Оросын эдийн засаг, цэргийн чадавхийг бууруулах зорилгоор Украины тал энэ төрлийн цохилтоо улам эрчимжүүлсээр байна. АНУ-ын Дайны судалгааны хүрээлэнгийн хамгийн сүүлд мэдээлснээр Украин хоёр долоо хоногийн хугацаанд Оросын газрын тос, байгалийн хийн байгууламжуудад дор хаяж 10 удаа цохилт өгчээ. Украинаас 1500-2000 километрийн зайд орших Оросын нутаг дэвсгэр энх тайван бүс байхаа больсон гэдгийг Киевийн армийн нэгэн командлагч саяхны ярилцлагадаа дурдсан билээ. Мөн ийм дайралтууд улам эрчимжих болно гэдгийг ч сануулжээ.