Вьетнамын эрх баригчид их хэмжээний луйврын хэрэгт буруутгагдсан бизнес эрхлэгч Труонг Ми Ланы тансаг эд хөрөнгийг зарж, алдсан мөнгийг нөхөхөөр ажиллаж байна. Труонг Ми Лан нь Вьетнамын томоохон банкнаас мөнгө завшсан хэрэгт буруутгагдаж, насан туршийн хорих ял авсан бөгөөд шүүхээс түүнд 27 тэрбум ам.доллар буцаан төлөх шийдвэр гаргасан юм.
Зарагдахаар бэлтгэгдэж буй эд хөрөнгийн дунд матрын арьсан “Hermès Birkin” хоёр гар цүнх болон тансаг дарвуулт завь багтжээ. Албаны хүмүүс цүнхнүүдийн үнийг тогтоохоор мэргэжилтнүүдээр үнэлгээ хийлгэж байна. “Birkin” цүнх нь хэдэн зуун мянган ам.долларын үнэтэй байж болдог. Түүний дарвуулт завийг ирэх сард дуудлага худалдаанд оруулах бөгөөд эхлэх үнэ нь ойролцоогоор 1.9 сая ам.доллар байна. Өмнөх дуудлага худалдаанд худалдан авагч олдоогүй тул үнийг бууруулжээ. Мөн түүний эзэмшиж байсан өөр хоёр завийг тус бүр 4.8 тэрбум донгоор худалдаанд гаргана.
Труонг Ми Лан 2024 оны дөрөвдүгээр сард цаазаар авах ял сонссон ч Вьетнам зарим гэмт хэрэгт цаазын ялыг халснаар уг ял нь насан туршийн хорих ял болж өөрчлөгдсөн. Түүнийг 10 гаруй жилийн турш хуурамч компаниуд ашиглан банкнаас 44 тэрбум ам.доллар авсан, үүнээс 27 тэрбумыг хууль бусаар ашигласан гэж шүүх тогтоосон нь дэлхийн хамгийн том санхүүгийн гэмт хэргийн нэгт тооцогдож байна. Тэрбээр бүх буруутгалыг үгүйсгэж, давж заалдахыг оролдсон ч амжилт олоогүй. Түүнтэй хамт нөхөр, зээ охин нь болон хамсаатан гэх 80 гаруй хүн ял авсан.
Эрх баригчид түүний 1,200 гаруй эд хөрөнгийг хураасан бөгөөд үүнд барилга, компани, хувцас, цаг болон бусад тансаг эд зүйлс багтжээ. Өнгөрсөн жил Хо Ши Мин хотын төвд байрлах түүний нэг үл хөдлөх хөрөнгийг 23 сая ам.доллараас дээш үнээр зарсан байна. Шүүхийн үеэр Труонг Ми Лан “Hermès” цүнхнүүдээ үр хүүхэд, ач зээдээ дурсгал болгон үлдээхийг хүссэн ч шүүх эдгээрийг хууль бусаар олсон хөрөнгө гэж үзэн хураасан юм. Вьетнамын засгийн газар түүний эд хөрөнгийг зарж, хохирогчдод нөхөн олговор олгох зорилготой байна.