АНУ-ын нийслэл Вашингтон хотод Орост хулгайлагдсан украин хүүхдүүдийн асуудлыг хөндөж, олон нийтэд таниулах зорилгоор 20 мянган теди баавгайн үзэсгэлэнг дэлгэжээ. Украиныг дэмжигч нэгэн бүлэг уг ажиллагааг зохион байгуулсан бөгөөд чихмэл баавгайнуудыг “National Mall” цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дээр байрлуулаад байна. Хүүхдүүдийн зураг, нэрийг нийтлэх нь аюултай, эрсдэлтэй тул тэднийг ийн чихмэл баавгайгаар төлөөлүүлсэн аж.
Зарим баавгайг “BRING KIDS BACK” буюу “Хүүхдүүдийг буцааж авч ир” гэсэн үг үүсгэх байдлаар байрлуулсан байв.
Энэ үйл ажиллагаанд ойролцоогоор 150 орчим хүн, тэр дундаа Украинд тусламж үзүүлэхийг шаардсан жагсагчид оролцжээ. Жагсагчид Украин, АНУ-ын далбаа, хүүхдүүдийг буцааж өгөхийг шаардсан уриа лоозон зэргийг барьсан байв.
АНУ-ын хууль тогтоогчид Оросын довтолгоо болон украин хүүхдүүд хулгайлагдсан асуудлыг хангалттай хэмжээнд авч хэлэлцэхгүй байгаа гэж тус бүлгийн төлөөлөл мэдэгдсэн байна. Өөр нэгэн төлөөлөл хэлэхдээ “Таны ах, эгч, дүүг хулгайлчихсан байна гээд төсөөл. Тэдний нэрийг өөрчилж, танигдахааргүй болгочихсон байгаа. Энэ бол маш том хүний эрхийн асуудал” гэжээ.
Харин энэ үйл ажиллагааг удирдан зохион байгуулагч хэлэхдээ “Одоо Украины тухай бараг мэдээлэхээ больчихлоо. Гэтэл дайн үргэлжилсээр л байна. Ираны асуудалд л илүү анхаарал татаж байх шиг байна. Украины бүх 20 мянган хүүхдийг гэрт нь буцааж авчрах ёстой” гэжээ.