Европын холбоо Ираны Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусыг (IRGC) террорист байгууллагуудын жагсаалтад нэмж орууллаа. Энэ шийдвэр нь Иранд болсон эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарж, жагсагчдын амийг бүрэлгэсэнтэй холбоотой юм. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кажа Каллас хүчирхийллийг үл тоомсорлож болохгүй гэж мэдэгдэв. Тэрбээр “IRGC”-г одоо аль-Каида, Исламын улс зэрэг хэт даврагч бүлэглэлүүдтэй адил түвшинд авч үзнэ гэж хэлсэн байна.
Иран уг шийдвэрийг эрс шүүмжилсэн байна. Тус улсын гадаад хэргийн сайд Аббас Арагчи Европын холбооны шийдвэрийг улс төрийн “жүжиг” бөгөөд “стратегийн том алдаа” гэж тодорхойлжээ.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард болсон эсэргүүцлийн үеэр Ираны аюулгүй байдлын хүчнүүд, түүний дотор “IRGC” олон мянган жагсагчийг хөнөөсөн байна. Үүнийг Францын гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро Ираны орчин үеийн түүхэн дэх хамгийн харгис хэлмэгдүүлэлт гэж нэрлэсэн. Франц өмнө нь Ирантай дипломат харилцаа тасрах вий гэж болгоомжилж байсан тул “IRGC”-г террорист жагсаалтад оруулахад эргэлзэж байсан. Харин энэ долоо хоногт Итали улсын ахалсан санаачилгыг дэмжиж, террорист жагсаалтад оруулах байр сууринд байгаагаа илэрхийлсэн юм. Гэхдээ Ирантай дипломат харилцаа энэ шийдвэрийн дараа ч үргэлжилнэ гэж Каллас мэдэгджээ.
Үүнээс гадна Европын холбоо Ираны зургаан байгууллага, 15 албан тушаалтанд шинэ хориг арга хэмжээ авсан байна.
Үүнд дотоод хэргийн сайд, ерөнхий прокурор, мөн ахлах шүүгч багтжээ. Тэднийг тайван жагсаалыг хүчээр дарж, улс төрийн идэвхтнүүд болон хүний эрхийн хамгаалагчдыг дур мэдэн баривчилсан гэж үзэж байна. Террорист байгууллагын жагсаалтад орсон бүлгүүдийн хөрөнгийг царцааж, гишүүдэд нь зорчих хориг тавьдаг.
“IRGC” нь Ираны хамгийн хүчирхэг зэвсэгт хүчин юм. 1979 оны хувьсгалын дараа Исламын тогтолцоог хамгаалахаар байгуулагдсан. Ойролцоогоор 190 мянган гишүүнтэй бөгөөд цэрэг, улс төр, эдийн засгийн салбарт ихээхэн нөлөөтэй. Мөн дотоодын эсэргүүцлийг дарахад ашиглагддаг Басиж хүчнийг хянадаг. “IRGC”-г АНУ, Канад, Австрали аль хэдийн террорист байгууллага гэж зарласан боловч Их Британи одоогоор ийм шийдвэр гаргаагүй байна. Европын холбооны мэдэгдэл АНУ-тай үүсээд буй хурцадмал нөхцөлтэй давхцаж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Ираны зүг томоохон цэргийн хүч илгээж байгаа бөгөөд цөмийн хэлэлцээ хийхийг яаралтай шаардсан гэж мэдэгдсэн. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй хүчтэй цохилт өгнө гэж анхааруулжээ.
Иран аливаа халдлагад шууд хариу өгөхөд бэлэн байна гэж мэдэгдсэн. Мөн Европыг дайны эрсдэлийг бууруулахын оронд улам хурцатгаж байна гэж буруутгав. Иранд тогтоосон интернэтийн хязгаарлалт нь хохирлын бодит тоог тогтооход хүндрэл учруулж байна. АНУ-д төвтэй хүний эрхийн байгууллага 6,300 гаруй хүн амиа алдсаны ихэнх нь жагсагчид байсан гэж мэдэгдсэн. Харин өөр нэг байгууллага нас барсан хүний тоо 25 мянгыг давсан байж магадгүй гэжээ. Ираны эрх баригчид 3,100 орчим хүн нас барсан бөгөөд тэдний олонх нь аюулгүй байдлын алба хаагчид эсвэл энгийн иргэд байсан гэж мэдэгдсэн юм.