Холливудын жүжигчин Стивен Сигал Москва хотын ойролцоох тансаг байшингаа худалдах гэж байгаа тухай Оросын “RBC” мэдээллийн сайт Лхагва гаригт (2026.01.28) мэдээллээ. Хоёр давхар энэхүү харш нь Москвагаас баруун зүгт байрлах, элит бүсэд тооцогддог Усoво хотод, Рублёво-Успенскийн хурдны замын дагуу байрладаг. Тус бүс нь чинээлэг хүмүүс амьдардгаараа алдартай бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Ново-Огарёво дахь ордонтой ойрхон юм.
Байшин нийт 500 орчим ам метр талбайтай, гурван унтлагын өрөө, гурван угаалгын өрөөтэй. Орчин үеийн Америк сонгодог хэв маягаар баригдсан бөгөөд хувийн кино театр, дарсны өрөө, ажлын өрөөтэй. Мөн хоёр машины зогсоол, ил гал тогоотой амралтын саравч, хоёр давхар зочны байшинтай юм. Зочны байшинд уламжлалт орос халуун усны газар болох ванн багтсан байна. Уг үл хөдлөх хөрөнгийг “NF Group” компани худалдаалж байгаа ч үнийг нь олон нийтэд зарлаагүй байна. Тус компанийн төлөөлөгчийн хэлснээр, дэлхийд танигдсан хүний эзэмшиж байсан ийм зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө борлуулагдах нь ховор тохиолдол гэжээ.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудтай холбоотой гэж үздэг “Baza Telegram” сувагт мэдээлснээр, Сигал 2018 оны долоодугаар сард энэ харшийг худалдан авчээ. Тухайн үед зах зээлийн үнэ нь 80–100 сая рубль буюу ойролцоогоор 1–1.3 сая ам.доллар байсан байна. Стивен Сигал 2016 онд ОХУ-ын иргэншил авсан. Оросын Гадаад хэргийн яам 2018 онд түүнийг Орос-Америкийн хүмүүнлэгийн харилцаа хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилсон нь ихэвчлэн бэлгэдлийн шинжтэй албан тушаал байв. Харин 2023 онд ерөнхийлөгч Путин түүнийг олон улсын харилцаанд оруулсан хувь нэмрийнх нь төлөө “Найрамдлын одон”-гоор шагнасан юм.
Орос болон Барууны орнуудын харилцаа муудсантай холбоотойгоор Сигал Орост дахь бизнесийн үйл ажиллагаагаа аажмаар багасгасан. 2025 оны долоодугаар сард тэрбээр үлдсэн бизнесүүдийнхээ нэгээс гарсан. Гэсэн хэдий ч тулааны урлагийн олон улсын төв байгуулахаар төлөвлөж буй өөр нэг компанид багахан хэмжээний хувьцаа эзэмшсэн хэвээр байна.