Ираны мөргөлдөөн нь Украинд явуулж буй Оросын түрэмгийллээс дэлхий нийтийн анхаарлыг сарниулж байна гэж Володимир Зеленский “CNN”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр Украины дайныг зогсоох хэлэлцээ Ираны мөргөлдөөн дуусах хүртэл хойшлогдож магадгүйд санаа зовниж байна.
Одоогийн байдлаар АНУ-тай Украин хамтран техникийн түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлж байгаа ч гурван талт уулзалт хийх боломж гараагүй байна. Учир нь АНУ Ираны асуудалд илүү анхаарч байгаа юм. Улмаар Иран болон Украины асуудлыг Стив Виткофф болон Жаред Кушнер нар давхар хариуцаж байгаа нь хүндрэл учруулж байна гэж Зеленский онцолжээ. Мөн Украины дайныг дараа нь гэж хойшлуулж болох асуудал биш гэдгийг Зеленский анхааруулсан байна.
Үүнээс гадна, Европын холбооноос олгох 90 тэрбум еврогийн зээл нь Украины хувьд “амьд үлдэх” чухал тусламж гэдгийг Зеленский онцлов. Энэхүү зээл нь өмнө нь Унгарын ерөнхий сайд асан Виктор Орбаны хоригийн улмаас хойшлогдоод байсан. Гэхдээ саяхны сонгуулиар Орбан ялагдаж, нөхцөл байдал өөрчлөгдсөн юм. Зеленский хэлэхдээ энэ санхүүжилтгүйгээр Украин боломжит хэмжээгээрээ зэвсэг үйлдвэрлэж чадахгүй байна. Жишээлбэл, өдөрт 2,000 дрон саармагжуулагч үйлдвэрлэх боломжтой ч санхүүжилт дутмаг тул одоогоор 1,000 орчим үйлдвэрлэж байгаа аж.