“Санья 2026” зургаа дахь удаагийн Азийн элсний наадам өчигдөр/2026.04.22/ албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадамд Азийн 45 орны 1,790 тамирчин 14 спортын 62 багц медалийн төлөө өрсөлдөх болно. Монгол Улсаа төлөөлөн найман спортын 55 тамирчин өрсөлдөж байна.
Угтаа энэхүү наадам 2020 онд болох хуваарьтай байсан ч цар тахлын улмаас 2021 он руу шилжсэн. Гэвч мөн л дахин хойшлогдож, энэ жил болж байна. Тав дахь удаагийн Азийн элсний наадам 2016 онд Вьетнамын Да Нан хотод болж байсан түүхтэй. Ерөнхийдөө 10 жилийн дараа эргэн ирлээ.

Монголын тамирчид 3х3 сагсан бөмбөг, акватлон, элсний хөнгөн атлетик, элсний гандбол, элсний волейбол, элсний бөх, жюү-жицү, текбол гэсэн найман спортод өрсөлдөж эхэлсэн. Элсний гандболын эрэгтэй шигшээ баг одоогоор Оман болон Тайландын шигшээ багуудад хожигджээ. Өнөөдөр/2026.04.23/ тэд Малдивын эсрэг тоглоно.
Мөн акватлон буюу 2.5 км гүйж, 1 км сэлж, дахин 2.5 км гүйх уралдаанд Монголын Э.Шинэ-Од болон Ц.Аяас нар өрсөлдөж, бариандаа оржээ.
Жюү жицүгийн төрөлд эмэгтэйчүүдийн -52 кг-д М.Хүслэн, эрэгтэйчүүдийн -62 кг-д Б.Баяртулга нар өрсөлдөнө.
















ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.НЯМБИЛЭГ