“Apple”-ийн шинэ хөдөлгүүр

ХҮМҮҮС

Технологийн аварга “Apple” компанийн гүйцэтгэх захирлаар 15 жил ажилласан Тим Кук тун удахгүй албан тушаалаа шилжүүлэн өгөх гэж байна. Тэрхүү шинэ гүйцэтгэх захирал нь гар утас, үүрэн холбоо болон технологийн дэвшлийн шинэ эрин, үеийг тодорхойлох их аянд гарч байна. Тэгвэл “NEWS” агентлагийн “ХҮМҮҮС” буландаа “Apple”-ийн шинэ захирал болохоор бэлдэж буй Жон Тернусыг онцолж байна.

Кукийн удирдсан хугацаанд “Apple” компанийн зах зээлийн үнэлгээ 3.6 их наяд ам.доллароор өсөж, 2018 онд “iPhone”-ийн зах зээлийн нийлүүлэлтээрээ дэлхийд анх удаа нэг их наяд ам.долларын үнэлгээтэй компани болсон юм. Дараагийн жилүүдэд тус компани мөн хоёр их наяд болон гурван их наяд ам.долларын үнэлгээнд хүрсэн анхны компаниудын нэг болсон. Энэ талаар Кук хэлэхдээ, “Apple компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, ийм гайхамшигтай компанийг удирдах итгэлийг хүлээсэн нь миний амьдралын хамгийн том нэр төрийн хэрэг байлаа” гэжээ. Мөн “Би Apple-д бүх сэтгэл зүрхээрээ хайртай бөгөөд ийм ухаалаг, шинийг санаачлагч, бүтээлч, мөн чин сэтгэлээрээ хүмүүсийн хамт ажиллах боломж олдсондоо туйлын их талархаж байна” гэсэн юм. Гэхдээ 65 настай тэрбээр “Apple” компанийн гүйцэтгэх захирал гэх “хэргэм зэрэгтэйгээ” үлдэх ч ихэнх үүргээ есдүгээр сарын 1-нээс эхлэн техник хангамжийн инженерчлэлийн хэлтсийн дарга Жон Тернуст шилжүүлэх болно.

ДАРУУ НЭГЭН

Жон Тернус 1997 онд Пенсильванийн их сургуулийг механик инженерийн мэргэжлээр төгссөн. Тэрбээр оюутан байхдаа усан спортын төрлөөр хичээллэдэг байв. Төгссөнийхөө дараа хэдэн жил виртуал судалгааны компанид инженерээр ажиллаж, виртуал бодит байдлын (VR) чихэвч хөгжүүлэх төсөлд оролцож байжээ. Дараа нь 2001 онд “Apple” компанид ажилд орж, 2013 онд техник хангамжийн инженерчлэлийн салбарынхаа дэд ерөнхийлөгч болсон байна. Улмаар 2021 онд ахлах дэд ерөнхийлөгчөөр дэвшсэн.

“Apple”-д ажилласан 25 жилийн хугацаандаа Тернус олон тооны, амжилттай бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр “iPhone”, “iPad” болон “Mac”-ийн гол технологиудыг хөгжүүлэхэд оролцсон юм. Мөн энэ оны гуравдугаар сард “Apple”-ийн анхны хямд үнэтэй “MacBook” болох “MacBook Neo”-г танилцуулах ажилд оролцсон. 2021 оны “Bloomberg”-ийн тайланд Тернусыг технологийг сайн ойлгодог, нэр хүндтэй менежер бөгөөд компанийн дотор болон гадна танигдах болсон ч даруу зангаа хадгалсан хүн гэж тодорхойлжээ. Тухайн үед уг тайланд Тернусыг ирээдүйд компанийн нэгжийн удирдагч, тэр ч байтугай гүйцэтгэх захирал болох боломжтой шинж чанартай гэж дурдсан байна.

"Apple"-ийн шинэ хөдөлгүүр

Сүүлийн үед хүмүүс түүнийг гүйцэтгэх захирал болох эсэх талаар таамаглал ихээр дэвшүүлж байсан. Учир нь тухайн үеүдэд Тернус ур чадвараа аль хэдийн хамтран ажиллагсдадаа мэдрүүлсэн байсан аж. Тухайлбал, 2005–2022 онд “Apple”-д ажиллаж байсан Камерон Рожерс энэ оны нэгдүгээр сард “New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Хэрэв жил бүр шинэ iPhone-той болмоор байвал Тернус бол яг тохирох нэгэн” ч гэж тодорхойлж байжээ.

Тернусын “Apple” дахь анхны дарга Стив Сиферт түүний талаар хэлэхдээ, “хамт олныхоо дунд байдаг хүн” гэж тодорхойлсон байна. Тернус удирдах албан тушаалд очсоны дараа хувийн өрөөндөө суухын оронд багийнхантайгаа хамт суухыг сонгох болно гэж тэрбээр үзэж байна. Мөн Рожерс “Тэр бол сайхан зантай хүн. Хамт цагийг өнгөрүүлэхэд таатай. Хүн бүр түүнд дуртай байдаг, учир нь тэр сайн хүн. Гэхдээ тэр одоогоор олон хүнд шийдвэр гаргасан эсвэл техник хангамжийн томоохон бэрхшээлийг шийдсэн гэдгээрээ танигдаагүй,” гэж хэлсэн байна. Тернус энэ жил 51 настай бөгөөд “Apple”-ийн гүйцэтгэх удирдлагын багийн хамгийн залуу гишүүн юм. Мөн тэрбээр “Apple”-ийн гүйцэтгэх захирлуудаас анх удаа бүх карьерынхаа туршид техник хангамжийн чиглэлээр ажилласан хүн болох юм.

ШИНЭ ДАРГА

"Apple"-ийн шинэ хөдөлгүүр

Тэрбээр удирдах албан тушаалд томилогдох болсноо мэдмэгцээ “Apple-ийн эрхэм зорилгыг урагшлуулах энэ боломжид би гүнээ талархаж байна” гэж онцлон тэмдэглэжээ. Мөн “Тус компанид бараг бүхэл бүтэн карьераа босгосон би Стив Жобсын удирдлага дор ажиллаж, Тим Кукыг багшаа болгосон азтай хүн. Дэлхий ертөнц болон бие биетэйгээ харилцах харилцааг маш их өөрчилсөн бүтээгдэхүүн, туршлагыг бий болгоход туслах нь миний хувьд завшаан юм. Ирэх жилүүдэд бид юунд хүрч болох талаар өөдрөг үзэлтэй байгаа бөгөөд дэлхий дээрх хамгийн авьяаслаг хүмүүс Apple компанид байгаа гэж итгэдэг” гэжээ.

Технологийн салбарт өндөр хариуцлага хүлээх нь ихэвчлэн цалин сайтай байхыг илэрхийлнэ. Гэхдээ Тернус шинэ албан тушаалдаа хэдий хэмжээний цалин, урамшуулал авах нь одоогоор албан ёсоор зарлагдаагүй байна. Түүний орлого өндөр цалин болон “Apple” компанийн хувьцаанаас бүрдэх магадлалтай. Тус компанийн удирдах ажилтнуудын цалингийн тайланд дурдсанаар Тим Кукын үндсэн цалин 2024–2025 онд гурван сая ам.доллар байсан. Тэрбээр мөн 58.1 сая ам.долларын хувьцааны урамшуулал авчээ. Энэ төрлийн урамшуулал болон бусад нэмэлт төлбөрүүд Кукын орлогыг улам нэмэгдүүлсэн бөгөөд ингэснээр тэр өнгөрсөн жил нийтдээ 74.6 сая ам.долларын орлого олсон байдаг.

ТЭРБЭЭР ЯМАР АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ВЭ?

"Apple"-ийн шинэ хөдөлгүүр

Дэлхийн тэргүүлэх технологийн компаниудын нэгийн гүйцэтгэх захирал болно гэдэг амаргүй ажил бөгөөд Тернус “Apple”-ийн маш чухал үед энэ албан тушаалыг хүлээн авч байна. Хиймэл оюун ухаан (AI) нь технологийн салбарт их өөрчлөлт авчирсан. “Apple” компани “AI” функцүүдийг анх төлөвлөсөн шигээ хурдан нэвтрүүлж чадаагүй бөгөөд хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлэх гэж хичээж байна.

Энэ оны эхээр “Apple” хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгчдийн нэг болох “Google”-оос тусламж авч, “iPhone”-ийн виртуал туслах “Siri”-г илүү яриа хэлбэртэй, олон төрлийн даалгавар гүйцэтгэх чадвартай болгохоор ажилласан. “Wedbush Securities” компанийн шинжээч Дэн Айвсийн хэлснээр, Тим Кук “Apple”-д томоохон өв үлдээсэн ч хиймэл оюун ухааны стратеги гол анхаарал болж байгаа энэ үед удирдлагыг Тернусд шилжүүлэх болсон байна. “Bloomberg”-ийн мэдээлснээр “Apple” компани зургадугаар сард хиймэл оюун ухаанаар шинэчлэгдсэн “Siri”-г танилцуулж магадгүй. Мөн есдүгээр сард эвхэгддэг “iPhone” гаргах боломжтой гэж үзэж байна. Эдгээр адармаатай ч инновацын ажлыг Тернус удирдан ажиллах юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн