АНУ-ын хүчин Персийн буланд байршиж буйтай холбогдуулан Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгдэл хийхдээ “Манай арми хуурай газар эсвэл тэнгисийн аливаа түрэмгийллийн хариуд гохоо дарахад бэлэн байна” гэсэн билээ. Тэгвэл энэ үйл явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээг хийх боломжит цаг дуусч байгааг Иранд анхааруулав.
Иран өөрсдийн цөмийн хөтөлбөрөө энх тайванч зорилготой гэж мэтгэхийн зэрэгцээ АНУ болон түүний холбоотнуудын буруутгалыг байнга үгүйсгэдэг.
Трамп “Truth Social” хаягаараа жиргэхдээ “Иранчууд ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ эрх тэгш, шударга хэлэлцээ хийхээр хэлэлцээрийн ширээнд аль болох хурдан сууна гэдэгт итгэж байна” гэжээ. Түүний анхааруулснаар Персийн булан руу илгээсэн бүрэлдэхүүний хэмжээ нь Венесуэль ажиллагааныхаас ч том аж. Мөн АНУ-ын хүчин шаардлагатай бол хурдтай бөгөөд харгис хэрцгийгээр даалгавраа гүйцэтгэхэд бэлэн байгааг сануулав.
Аббас Арагчи энэ анхааруулгын хариуд “Иран улс цөмийн технологийг энх тайванч замаар эзэмших эрх болон цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг баталгаажуулсан, тэгш эрхтэй, албадлага, заналхийлэлгүй, харилцан ашигтай, шударга, тэгш ЦӨМИЙН ХЭЛЭЛЦЭЭГ үргэлж сайшааж ирсэн. Манай аюулгүй байдлын тооцоололд тийм зэвсэг байхгүй. Байлгая гэж ч эрэлхийлж байгаагүй” гэсэн юм.
Хиймэл дагуулын зургаас харахад, бүс нутагт АНУ-ын дор хаяж 15 сөнөөгч онгоц байршаад байгаа аж. Йордан, Катар, Энэтхэгийн тэнгисийн Дьего Гарсиа дахь баазуудад ирж буй онгоцнуудын тоо ч нэмэгдэх болжээ. Мөн ачаа тээврийн 10 гаруй онгоц, түлш цэнэглэгч онгоц, нисгэгчгүй нисэх онгоцууд, “P-8 Poseidon” тагнуулын онгоцууд ч бүс нутагт ирээд байна.