Физикч болох мөрөөдлөө Монголын ардчиллаар сольсон ЗОРИГ

Монголчууд жил бүрийн аравдугаар сарын 2, дөрөвдүгээр сарын 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайн зүүн урд байрлах хүрэл хөшөөнд цэцэг өргөж, Санжаасүрэнгийн Зоригийг дурсдаг. Цэцэг өргөж, түүний аллагын хэргийг илрээсэй гэхээс өөрөөр бид юу ч хийгээгүй, магадгүй хийхийг хүсээгүй 28 жилийг үджээ.

Үе солигдож, түүх шинээр бичигдэж Санжаасүрэнгийн Зориг гэж хэн байсан, тэр юу хүсч, юу зорьж байсан бэ гэдэг нь бүдгэрч, зөвхөн 1998 онд бусдын гарт онц хэрцгийгээр алагдсан улстөрч гэдэг л мэдээлэлтэй, мэдлэгтэй шинэ үе өсч, торниж байгаа энэ цагт Санжаасүрэнгийн Зориг гэж хэн байв, улстөрчийн хувьд Монголын ардчилалд, өнөөдрийн нийгэмд тэр юу авчирсан бэ, тэр яг хэн байв гээд олон асуултад хариулт өгөх “ҮЛДЭХ ЗОРИГ” нэртэй баримтат кино дэлгэцийн бүтээл болон амилжээ.

Физикч болох мөрөөдлөө Монголын ардчиллаар сольсон ЗОРИГ

МҮОНРТ-ийн сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэгийн бүтээсэн “Үлдэх зориг” шинэ залуу үеийнхэнд Монголын ардчилал ямар үнэ цэнээр, хэн хэний гавьяагаар, ямар үйл явдлын үр дүнд бий болсон, Санжаасүрэнгийн Зориг өнөөдрийн бидний үг хэлэх эрх чөлөө, Монголын ардчиллын төлөө юу хийсэн бэ гэдгийг ойлгуулахад чухал үүрэг гүйцэтгэх үнэт оюуны бүтээл болсон байна. Баримтат кинонд Санжаасүрэнгийн Зоригийн тухайн цаг үед хэлж, ярьж байсан үгс, телевиз, радиогийн хуудсанд үлдсэн архивын баримтууд болон 1990 оны Ардчиллын салхи эргүүлсэн жагсаал, цуглааны зохион байгуулагч Санжаасүрэнгийн Зоригийг дэлхийн томоохон хэвлэлүүд юу гэж дүгнэж, түүний ярилцлагуудыг хүргэж байсан талаарх баримтууд, олон улсын сэтгүүлчдийн тухайн цаг үеийг сонин, сэтгүүл, телевизийн дүрсэнд хэрхэн буулгасан баримтуудаа нэхэн санаж, Санжаасүрэнгийн Зоригийг дурссан яриа гээд түүхийн томоохон хэсгүүдийг баримтжуулан шингээжээ.

Физикч болох мөрөөдлөө Монголын ардчиллаар сольсон ЗОРИГ

Физикч болох мөрөөдөлтэй байсан Санжаасүрэнгийн Зоригийн гэр бүл, хүүхэд нас, оюутан ахуй цагийг түүний дотны бүхэн хэрхэн дүгнэж, ярьсан талаарх баримтуудыг ч шигтгэсэн аж. Түүнчлэн ямар гэр бүлд өсч, хүмүүжиж, ямар боловсрол эзэмшсэн, юунд дуртай байсан, уншсан ном, үзсэн бүхнээ амьдралд хэрэгжүүлж, ойр тойрныхон, найз нөхөд, нэгдэл болж тэмцсэн залуучууддаа үлгэрлэж байсан нь баримтат кинонд тодотгол болон оржээ. Санжаасүрэнгийн Баярын “Алаад байхдаа яадаг байна аа” гэх 28 жилийн бачуурал, нулимс тэдний гэр бүл, ойр дотны хүмүүсийн сэтгэлийн шархыг илтгэнэ.

Түүний хэлсэн, баримт болгон үлдээсэн ӨВ, урам зориг болох үгсийг ч киноны эхлэл, өрнөл, төгсгөлд шингээхийг хичээсэн сэтгүүлчийн найруулга нь өнөөдөр ч Монголд ус агаар мэт хэрэгтэй байгаа улстөрчийн дүр шүү гэдгийг илтгэнэ.

Санжаасүрэнгийн Зориг “Яруу найрагч, жүжигчид бол сэтгэл хөдлөлөө илэрхийлж болдог, харин улстөрчид бол сэтгэл хөдлөлөө барьж чаддаг байх ёстой” гэсэн үгээрээ өнөөдрийн улстөрчдийг жүжигчин шиг, яруу найрагч шиг сэтгэл хөдлөлдөө автаж, попорч болохгүй шүү гэдгийг тэртээ 28 жилийн өмнө харсан мэт тодорхойлчихож. Өөр нэг чухал зүйл нь улстөрчид хамгийн түрүүнд улс орныхоо эрх ашгийг боддог, эрэмбэлдэг байх учиртай. Түүний дараа нам байж болох, түүний дараа компани, бүлэглэл, сүүлд нь хувь хүний эрх ашгийг эрэмблэх учиртай. Аливаа шийдвэр гаргахдаа улс орны эрх ашгийг, ард түмнээ боддог байх нь хамгийн чухал, үүнийг улстөрчид санаж явах учиртайг ч тэр өгүүлж байжээ.

1990 оны ардчилсан хувьсгалын жагсаал, цуглааны удирдагч Санжаасүрэнгийн Зоригийн талаарх дэлхийн томоохон хэвлэлүүдэд тухайн цаг үед ажиллаж байсан сэтгүүлч, зурагчдаас авсан ярилцлага, тэдний Санжаасүрэнгийн Зоригийг илэрхийлсэн, тодорхойлсон тодорхойлолтууд нь баримтат киноны содон агшин байлаа.

Тэд Азийн цээжин дэх Монгол хэмээх эрх чөлөөнийхөө төлөө цус урсгахгүй, ямар нэг гарз хохиролгүй, тайван замаар тэмцэж, өнөөдрийн энэ эрх чөлөө, ардчиллаа олж авсныг дэлхийн хаана ч байхгүй хувьсгал байсан, түүний гавьяа нь жагсаал, цуглааны удирдагч Санжаасүрэнгийн Зоригийн даруу төлөв зан, холч ухаанаар даван туулсан гэж дүгнэсэн нь омогшил төрүүлэм.

Эцэст нь, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангийн тодорхойлсон шиг “Тухай цаг үе, нийгэм улстөрчөө захиалдаг байж. Ардчилсан хувьсгалын үед тухайн цаг үе, нийгмийн захиалгат улстөрч нь  Санжаасүрэнгийн Зориг, Жамбын Батмөнх нар байсан” гэх ишлэл олныг бодогдуулам. Өнөөдрийн нийгэм, цаг үе ямар байгаагаар улстөрчдийг дүгнээд нэг харахад буруудахааргүй гэсэн санаа нь танхимд цугласан олон үзэгчдэд нэгийг бодогдуулсан биз ээ.

Гучин зургаахан насандаа бусдын гарт амь үрэгдсэн Санжаасүрэнгийн Зоригийн түүх, үзэл бодол, үнэт зүйл, эх орноо улс шиг улс болгон хөгжүүлэх хүсэл эрмэлзлэл, итгэл үнэмшил нь Монголын үе үеийн залууст үлгэр дуурайлал, ҮЛДЭХ ЗОРИГ нь болсоор байх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн