Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жун Мягмар гаригт /2026.01.27/ Оросын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусовтой утсаар ярьжээ. Энэ үеэр тэрбээр хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг илүү бэхжүүлж, эрсдэл болон сорилтод хариу арга хэмжээ авах хамтарсан чадавхийг сайжруулахыг уриалсан байна.
Дун Жун хэлэхдээ “Хятад улс хамтын ажиллагааны мөн чанарыг баяжуулж, харилцаа холбоо, солилцооны механизмыг сайжруулахын зэрэгцээ аливаа эрсдэл, сорилтод хариу арга хэмжээ авах чадварыг хамтдаа нэмэгдүүлэн, дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдалд эерэгээр нөлөөлөхийн тулд гар нийлэн ажиллахад бэлэн” гэжээ.
Харин Белоусов “Хамтарсан ажиллагаа, сургуулилалтын талбарт практикын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу хоёр талын нийтлэг ашиг сонирхлыг илүү сайн хамгаалахын тулд стратегийн зохицуулалтыг илүү өндөр түвшинд хүргэхийг эрмэлзэж байна” гэсэн байна.
Трампын Венесуэль ажиллагаа болон Гренландын заналхийллээс хойш Орос, Хятад улсууд анх удаа сайд нарын түвшинд холбогдсон нь энэ байв. Мөн Хятад улс өндөр түвшний генералуудаа мөрдөн шалгаж эхэлснээс хойших анхны харилцан яриа болж байна.
АНУ-ын дарамт шахалт ихэсч байгаа энэ цаг үед Орос, Хятад улсууд цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр байна. Сүүлийн жилүүдэд хоёр улс Иран, Монгол зэрэг улсад хамтарсан цэргийн сургуулилалт хийжээ.
Түүнчлэн энэ жилийн хувьд Орос, Хятадын харилцаанд түүхэн хоёр үйл явдал давхцаж байгаагаараа онцлог. Энэ жил хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой болон Сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэн гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож байна.