Кубын засгийн газар Орос руу цэрэг илгээсэн гэж АНУ-ын Төрийн департмент Конгрессын тайлангаас эш татан мэдээлэв. Тайланд дурдсанаар Кубын эрх баригчид Оросын зэвсэгт хүчнийг дэмжих зорилгоор иргэдийг илгээх урсгалыг санаатайгаар хүлээн зөвшөөрч, дэмжин, нүдэн балай чихэн дүлий царайлсан байж болзошгүй. Тоон үзүүлэлтүүд янз бүр байгаа ч нээлттэй эх сурвалжуудын мэдээлснээр Кубын 1000-5000 орчим иргэн Украинд тулалдаж байгаа гэж үздэг.
“Reuters” агентлаг өнгөрсөн оны аравдугаар сард үүнтэй төстэй мэдээлэл нийтэлсэн. Тус мэдээлэлд дурдсанаар Оросын талд хамгийн олон цэрэг нийлүүлсэн улс бол Хойд Солонгос. Үүний араас Куба удаалж байж магадгүй аж.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч энэ талаар хэлэхдээ “Кубын дэглэм иргэдээ Орос, Украины дайнд шатрын хүү болгож ашиглуулахгүйгээр хамгаалж чадсангүй” гэжээ.
ОХУ дайнаа үргэлжлүүлэхийн тулд гадаадын цэргүүдэд улам ихээр түшиглэх болсон. Владимир Путин 2022 оны арваннэгдүгээр сард гадаадын иргэдийг зэвсэгт хүчинд элсэхийг зөвшөөрсөн зарлиг гаргасан нь үүнийг улам дэмжиж өгчээ. Сүүлийн үед ОХУ Африкийн хэд хэдэн орноос цэрэг элсүүлсэн гэж хэвлэлээр мэдээлэх болсон. Үүний зэрэгцээ Энэтхэг, Балба, Шри-Ланка, Кени зэрэг улс Орост хандан ард иргэдийг нь элсүүлэхгүй байхыг шаарджээ.