Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2003 онд баталсан УИХ-ын 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлын хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дэх 214805 газар зүйн нэр бүхий “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-ыг баталсан бөгөөд тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8767, Сүхбаатар аймгийн хэмжээнд 6941 газар зүйн нэр байдаг аж.

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн газар зүйн нэр байгааг тогтоож, тус аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх монгол хэлнээс өөр хэлээр нэрлэн баталсан 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгох, үүний зэрэгцээ 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр төсөлд тусгажээ.

Сүхбаатар аймгийн нутагт УИХ-аар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэр байгааг 2021-2022 онд орон нутгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын дагуу тогтоосныг төсөлд тусгасан байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар газар зүйн албан ёсны нэрийг бүх төрлийн газрын зурагт тэмдэглэж, олон нийтэд зөв нэрээр сурталчлан таниулж, хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах болон монгол үндэсний хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалан хадгалж, хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулах байсан ч УИХ-ын дарга С.Бямбацогт санал хураалтыг баасан гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн