Хятадын төрийн хэвлэл “Эрх мэдлийн шилжилтийг хүлээгээд юу ч хийлгүй суудаг, санаачлагагүй албан тушаалтнуудаас болгоомжил” гэж Коммунист намд анхааруулжээ. Тодруулбал, Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны харьяа Хятадын байгууллага, боловсон хүчний мэдээ сонин өнгөрсөн Баасан гаригт /2026.01.23/ “Албан тушаалтнууд эрх мэдлийн шилжилтийг хүлээгээд, зүгээр суухаас урьдчилан сэргийлэх нь” гарчигтай нийтлэл гаргасан байна.
Хятадын Сахилгын хяналтын төв комиссын тав дахь удаагийн хурал энэ сарын эхээр болсон. Тус хурлын дараа гаргасан мэдэгдэлд ийм үйлдлүүдтэй шийдвэртэй тэмцэнэ гэж дурдсан аж.
Ирэх жилийн намын их хурал ойртож байгаа учраас зарим албан тушаалтан алдаа гаргахгүйн тулд юу ч хийхгүй сууж байх магадлалтай тул төрийн хэвлэлийн зүгээс ийн анхааруулж буй.
Коммунист намын хамгийн өндөр түвшний улс төрийн нэгж болох Төв хороо таван жилийн хугацаатай сонгогддог. Тус хорооны 21 дэх удаагийн үндэсний чуулган ирэх оны намар болох юм. Энэ үеэр Төв хорооны таван жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул удирдлагын өөрчлөлт хийгдэж, гишүүдээ шинээр томилно. Тиймээс албан тушаалтнууд бүгдээрээ авлигын эсрэг кампанит ажилд өртчихөлгүйхэн шиг ирэх онтой золгохыг хичээж байна.
Хятадын дарга Ши Жиньпин “Энэ онд орон нутгийн засаг захиргаанууд удирдлагын өөрчлөлт хийнэ. Бид жинхэнэ үнэнч, найдвартай, тууштай, хариуцлагатай албан тушаалтнуудаа дэвшүүлэх ёстой” гэж мэдэгдсэн.
Тэгэхээр өнгөрсөн Баасан гаригт төрийн хэвлэлд нийтлэгдсэн мэдээ энэ жилийн боловсон хүчний өөрчлөлтийн улс төрийн ач холбогдлыг онцолж байгаа юм. Тус нийтлэлд дурдсанаар зарим албан тушаалтан шилжилтийн үед идэвхгүй төлөвт орж, санал санаачлага гаргахгүй, хариуцлага үүрэхгүй, ажил урагшлуулахгүй, асуудал шийдэхгүй, шийдвэр гаргахгүй азнадаг болдог. Ийм албан тушаалтнууд намын үйл хэргээс илүү хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж байгааг тус нийтлэлээр онцолжээ. Мөн зарим хүн тэтгэвэртээ гарах цаг нь дөхсөн тулд ажил хийх хүсэл тэмүүлэлгүй болсон байдгийг ч нийтлэлд дурдсан байна.
Хятад улс идэвхгүй албан тушаалтнуудыг өмнө нь ч бас “хатгаж” байсан удаатай. Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын төрийн хэвлэл “People’s Daily” зарим албан тушаалтныг цахим орчинд дэлгэрсэн “lying flat” гэх хэллэгээр нэрлэсэн билээ. Энэ нь аливаа өрсөлдөөн, амжилтын тоглоомоос татгалзаж зүгээр хэвтэх, хичээхгүй байх гэсэн утгатай үг юм. Мөн 2024 оноос хойш зарим албан тушаалтанд “Эмгэн хумсны шагнал” гэх зүйлийг олгож эхэлжээ. Энэ нь тэднийг залхуу, үр ашиггүй боловсон хүчин гэж цоллож буй “шагнал” юм.