Иран: Эмэгтэйчүүдийн багийн ахлагчийн битүүмжилсэн хөрөнгийг эргүүлэн олгов 

Ираны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид Австрали улсад болсон Азийн цомын тэмцээнд оролцсоныхоо дараа хүмүүнлэгийн виз авсан явдал өнгөрсөн сард гарсан билээ. Австрали улс тэдэнд хүмүүнлэгийн виз олгохыг зөвшөөрсөн ч гэлээ эмэгтэйчүүд сүүлд нь шийдвэрээ буцааж, нутаг буцсан.

Эмэгтэйчүүд нутагтаа очсоны дараа багийн ахлагч Захра Ганбаригийн эд хөрөнгийг Ираны эрх баригчид битүүмжилсэн байжээ. Тэгвэл дөрөвдүгээр сарын 13-нд түүний эд хөрөнгийг буцаан олгосныг Ираны шүүх мэдэгдлээ.

Үүнээс хоёр өдрийн өмнө Ираны хэвлэлд “урвагчид” гэж цоллосон хүмүүсийн нэрсийн жагсаалт нийтлэгдсэн бөгөөд тэр дунд Захра Ганбаригийн нэр байжээ. “Урвагчдын” эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу царцаахаар болсон байсан. Ираны эрх баригчид гадаадад тэмцээн уралдаанд оролцож буй тамирчдын ар гэрийг сүрдүүлж, Исламын бүгд найрамдах улсыг эсэргүүцсэн мэдэгдэл хийвэл эд хөрөнгийг нь хураана гэж удаа дараа сүрдүүлсэн. Үүнийг хүний эрхийн төлөө тэмцэгчид шүүмжилсээр байгаа юм.

Эргэн сануулахад, Ираны эмэгтэй хөлбөмбөгчид Өмнөд Солонгосын эсрэг тоглолтын өмнө төрийн дууллаа дуулахаас татгалзсан нь олон нийтийн санаа зовнилыг өдүүлж байснаас энэ бүхэн эхтэй. Эмэгтэйчүүдийн багийн зургаан гишүүн, нэмэх нь арын албаны нэг хүн гээд нийт долоон эмэгтэй анх Австралид үлдэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн. Гэвч Захра Ганбари нарын таван хүн бодлоо өөрчилж, эцэст нь нутаг буцсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн