Исламабадын хэлэлцээ үр дүнд хүрээгүй тул АНУ Ираны боомтуудыг Даваа гаригийн /2026.04.13/ өглөөнөөс эхлэн хаасан. Дональд Трамп энэ талаар цахим хаягаараа жиргэхдээ Ираны довтолгооны хөлөг онгоцууд АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлтэд ойртвол шууд устгана гэж мэдэгджээ.
Тэрбээр “Ираны тэнгисийн цэрэг бараг бүрэн устсан, 158 хөлөг онгоц нь далайн ёроолд живсэн. Тэдний түргэн довтолгооны хөлгүүд рүү л бид дайраагүй. Учир нь бид тэдгээрийг сүйдтэй аюул заналхийлэл гэж үзээгүй. Анхааруулъя: Тэр хөлгүүдийн нэг нь л манай бүслэлтэд ойртох юм бол хар тамхины наймаачдын эсрэг ашигладаг системээрээ тэднийг нэн даруй устгах болно” гэжээ.
Тэгвэл Европын Холбоо Ормузын хоолойгоор чөлөөтэй зорчихыг хязгаарлах аливаа үйлдлийг дэмжихгүй гэж мэдэгдлээ. Европын холбооны гадаад бодлогын асуудал эрхэлсэн дарга Кажа Каллас АНУ Ираны боомтуудыг хааснаас хойш зургаан цагийн дараа өгсөн ярилцлагадаа “АНУ яах гээд байгаа нь бүрэн тодорхойгүй байна. Өмнө нь бүгдэд нээлттэй байсан усан замд аливаа төлбөр, хаалт бий болгохыг бид дэмжихгүй. Бүс нутагт аюул байхгүй болчихвол бид туслахад бэлэн. Аюулгүй байхгүй гэдэг нь тодорхой болох ёстой” гэв.
Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Иран Ормузын хоолойг хааснаараа эдийн засгийн терроризм үйлдэж байна гэж буруутгалаа.
Мөн “Бямба гаригт Ирантай хийсэн хэлэлцээ ахиц дэвшил сайтай болсон. Бөмбөг одоо Ираны талд байна. Иран уян хатан байж, АНУ-ын шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх ёстой” гэжээ.