Америкчууд “Үнийн огцом өсөлт нүүрлэлээ. Инфляцийн өсөлт нэг хэсэгтээ л үргэлжлэх төлөвтэй байна” зэрэг үгсийг сонсохыг хүсэхгүй байна. Инфляци 2021 оноос хойш АНУ-ын эдийн засгийн “шүдний өвчин” боллоо. Сүүлийн жилүүдэд үнийн өсөлт мэдэгдэхүйц саарсан ч асуудал бүрэн арилсан гэхэд хэцүү. Бодит байдал дээр инфляци цар тахлын өмнөх түвшиндээ эргэж очоогүй, америкчууд ч өндөр үнэд дасч амжаагүй хэвээр байна.
Иргэдийн дунд үе үе санал асуулга явуулахад хамгийн их санаа зовоосон асуудлаар үргэлж амьжиргааны өртгийг нэрлэдэг.
Муу дээрээ муухай гэж, газрын тосны үнийн энэ удаагийн цочрол нөхцөл байдлыг улам дордуулах төлөвтэй байна. АНУ-ын инфляцийн түвшин 2022 онд сүүлийн 40 жилийн дээд түвшиндээ хүрч, 9.1 хувь болсон. Энэ удаагийн газрын тосны үнийн өсөлт нөхцөл байдлыг ингэтэл дордуулахгүй ч гэлээ хүмүүсийн амьдралд илүү хорон нөлөөлж байна.
ДАВХАР ДАРАМТ
АНУ-ын эдийн засаг өнгөрсөн 10 жилийн хугацаанд Covid-19 цар тахал, хоёр дайн, түүхэн өндөр инфляци, тариф гээд олон сорилтыг даван туулсан. Гэсэн ч гайхалтай тэсвэр тэвчээрийг үзүүлж, ноён нуруугаа алдаагүй. Яг үнэндээ 31 их наяд ам.долларын эдийн засгийг доргионо гэдэг тийм амар биш. Тийм ч учраас Ираны дайнаас үүдэлтэй газрын тосны үнийн өсөлт АНУ-ын эдийн засгийг тэгтлээ дордуулахгүй гэж эдийн засагчид үзэж буй.
Гэхдээ эдийн засаг заавал хямарч байж л иргэдэд хүнд тусдаг юм биш. Сүүлийн жилүүдэд амьжиргаагаа залгуулах гэж тэмцэж буй бага, дунд орлоготой сая сая америкчууд үүнийг биеэрээ мэдэрч байна.
АНУ-ын засгийн газар 2022 онд иргэдэд мөнгөн дэмжлэг үзүүлэх, оюутны зээлийн эргэн төлөлтийг түр зогсоох зэрэг арга хэмжээ авсан нь иргэдийн халаасанд байсан хэдэн цаасанд тун нэмэртэй байв. Өнөөдөр ийм арга хэмжээнүүд байхгүй болсон тул иргэд амьдралаа залгуулахын тулд зээл авч, түүнийгээ төлж дийлэхгүй явж байна.
Худалдааны яамны мэдээлснээр, америкчуудын хадгаламжийн түвшин өнгөрсөн хоёрдугаар сард дөрвөн хувь болж буурчээ. Хадгаламжийн түвшин гэдэг нь татварын дараах орлогын хэдэн хувийг хадгалж байгааг илэрхийлэх дүн юм. Тэгвэл 2020 оны хоёрдугаар сард энэ үзүүлэлт 7.5 хувь байжээ. Тэр бүү хэл инфляци эрчимжиж эхэлж байсан 2021 оны гуравдугаар сард хадгаламжийн түвшин 21.6 хувь хүрч байв. Энэ нь төрийн дэмжлэг, зээлийн санхүүжилт, зарцуулалт багассантай холбоотой байсан.
“PNC” санхүүгийн үйлчилгээний группын ахлах эдийн засагч Августин Фаучер “Өрхүүд 2-3 жилийн өмнөх шиг санхүүгийн нөөцтэй байхаа больсон. Тиймээс инфляцийн өсөлт урьд өмнөхөөс илүү хүчтэй дарамт болж байгаа” гэжээ.
Үүн дээр орон сууцны зах зээл царцсан байдал, цагаачлалын хязгаарлалт, нийгмийн зарим үйлчилгээний таналт, түүхэн өндөр тариф улам нэрмээс болж байгаа аж. Гэтэл одоо дээрээс нь шатахууны үнийн өсөлт нэмэгдлээ. Зарим айл өрх тэвчээрийн дээд хязгаартаа тулаад байна.
ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ
Америкчууд амаргүй цаг үеийг туулж байсан ч гэрэл гэгээтэй ганц зүйл байсан нь сүүлийн гурван жилд дундаж цалингийн өсөлт инфляциас давж байсан явдал. Эдийн засагч Жероме Поуэллийн тайлбарласнаар “Хүмүүс эхэндээ үнэ өсөхөд бухимддаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өндөр үнэд дасах ба цалингийн нэмэгдэл нь тэр зөрүүг нөхөж эхэлдэг. Тэгэхээр хүмүүст эдийн засаг доройтож байна гэсэн мэдрэмж тийм амар төрөхгүй” гэсэн юм.
Гэвч энэ онол өнгөрсөн сард хүчтэй няцаагджээ.
Тодруулбал, гуравдугаар сарын байдлаар иргэдийн жилийн цалингийн өсөлт дунджаар 3.5 хувь болж буурсан бол эсрэгээрээ инфляци 3.3 хувь болж өсөв. Ингэснээр олон жилийн турш инфляцийг бууруулахад гаргасан ахиц дэвшил арчигдан үгүй болж, хүмүүсийн орлогын өсөлт үнэнд гүйцэгдчихлээ гэсэн үг.
Тэнгисийн цэргийн холбооны зээлийн холбооны ахлах эдийн засагч Хизер Лонг “Бид цар тахлын үеийн инфляцийн шархыг эдгээх гэж хэдэн жил хичээсэн. Гэтэл энэ ахиц дэвшил ухарсан нь үнэхээр хүнд туслаа” гэжээ.
Түүнчлэн “Lipow” газрын тосны холбооны ерөнхийлөгч Энди Липов “Шатахууны үнэ өссөнөөр бусад ашиг ч үгүй болж байна. Жишээ нь, энэ жил дундаж татварын буцаан олголт 351 ам.доллараар өссөн. Гэвч цахилгаан эрчим хүчний зардал өссөнөөс болж айл өрх бүр сард нэмэлтээр 190 ам.доллар төлж байна. Ингэснээр татварын буцаан олголтын ашиг хоёрхон сарын дотор алга болж байна” гэв.
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА
Ираны дайны эхний дөрвөн долоо хоногт инфляци ингэж огцом өссөн нь анхаарал татаж байна. Гуравдугаар сарын тайланд харагдсан зүйл зөвхөн эхлэл ч байж магадгүй. Хамгийн өөдрөг хувилбараар бодоод үзлээ гэхэд АНУ, Ираны гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж, Ормузын хоолой дахин нээгдсэн ч хэрэглээний үнэ өндөр хэвээр үлдэж, инфляци хэдэн сар үргэлжлэн өсөх магадлалтай.
Учир нь газрын тосны үнийн цочрол хоёр үе шаттай нөлөөлдөг. Эхлээд шатахууны үнэ шууд өснө. Дараа нь бусад бүх бараа үйлчилгээний үнэ аажмаар нэмэгдэнэ.
Жишээлбэл, гуравдугаар сард хүнсний үнэ буурсан ч дизель түлшний үнэ өссөн. Удалгүй тээврийн зардал нэмэгдэж, дэлгүүрүүдэд хүргэх үнэ өсөх тул хүнсний үнэ дагаад өснө. Хүнсний үнэ ихэвчлэн 3-6 сарын дараа, заримдаа бүр жилийн дараа ч нэмэгдэх нь байдаг аж.
Цаашдын нөлөөлөл дайны үргэлжлэх хугацаа, Ормузын хоолойн саатлын төлөв гэсэн тодорхойгүй хүчин зүйлүүдээс хамгийн их хамаарна.
Пурдьюгийн их сургуулийн профессор Кэн Фостерын хэлснээр үнийн өсөлт бага байсан ч зарим өрхөд хүчтэй цохилт болдог аж. Тэрбээр “Манай улсад орлогынхоо бараг 50 хувийг зөвхөн хоолонд зарцуулдаг өрхүүд бий. Үүн дээр гэр халаалт, ажилдаа явах шатахууны зардлыг нэмбэл орлогын ихэнх хэсгийг өөрчлөх боломжгүй зардал эзэлж эхэлдэг. Тэд орлогоо өсгөж амжихгүй байгаа. Нөхцөл байдал тэднийг аргагүйдүүлж байна” гэжээ.