ХОНКОНГ, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /TASS/. Хятадын Коммунист Намын (ХКН) Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Тайванийн Гоминьдан намын дарга Жэн Ливэнь нар Бээжин хотноо уулзах үеэрээ Тайванийн хоолойн хоёр эрэгт энх тайвныг хадгалах нь чухал болохыг онцлон тэмдэглэжээ.
“Тайванийн хоолойн хоёр эргийн ард иргэд бол бүгд хятад хүмүүс. Бидэнд энх тайван, хөгжил дэвшил, хэлхээ холбоо, хамтын ажиллагаа хэрэгтэй. Энэ бол нийтлэг хүсэл эрмэлзэл юм” гэж Ши Жиньпин хэлснийг “South China Morning Post” сонин эш татан мэдээлжээ. Тэрбээр мөн Тайванийн хоолойн хоёр эргийн ард иргэд эцсийн дүндээ ойртон нэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Жэн Ливэнь уулзалтын үеэр хэлэхдээ “дайн гарахаас сэргийлэх институцийн шийдлийг эрэлхийлж, Тайванийн хоолойг мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэх жишээ болгох хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Гоминьдан намын удирдагч сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын эх газарт анх удаагаа айлчилж байна. Энэхүү айлчлал нь Тайванийн хоолойн хоёр эргийн харилцаа, солилцоог бэхжүүлэх зорилготой бөгөөд дөрөвдүгээр сарын 12-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.