АНУ-ын авирагч Алекс Хоннолд Ням гаригт /2026.01.25/ аюулгүйн тор болон олсгүйгээр Тайванийн Тайпэй 101 цамхаг руу авирчээ. Дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг рүү хамгаалалтгүйгээр авирах түүнийг олон мянган хүн доороос нь дэмжиж үзсэн байна. Чөлөөт авиралтыг “Netflix” зохион байгуулж, шууд дамжуулсан бөгөөд нийт 91 минут үргэлжилжээ. Цаг агаарын таагүй байдлаас болж авиралт нэг өдрөөр хойшилсон аж.
Амжилттай авиралтынхаа дараа Алекс Хоннолд хэвлэлд яриа өгөхдөө “Гайхамшигтай. Тайпэйг үнэхээр үзэсгэлэнтэй өнцгөөс харлаа” гэсэн юм.
Тайванийн нийслэлд сүндэрлэсэн Тайпэй 101 барилга нь жуулчдын зорьж очдог гол цэг. Тус барилга 2004-2010 оны хооронд дэлхийн дээд рекордыг эзэмшдэг байсан боловч сүүлд Дубайн Бүрж Халифад нэгдүгээр байраа алдсан.
Хамгаалалтын тор, олсгүйгээр авирахыг Тайпэй 101 цамхаг болон хотын захиргааны зүгээс хүлээн зөвшөөрч, бүрэн дэмжлэг үзүүлсэн аж. Алекс Хоннолд анхандаа зөвшөөрөл авалгүйгээр авирчихъя гэж бодож байжээ. Гэхдээ энэ барилгын ард байгаа олон хүнийг болон ойр дотныхоо хүмүүсийн итгэлийг бодсоны үндсэн дээр зөвшөөрөл авахаар шийджээ. “Netflix”-ийн гүйцэтгэх продюсер Жэймс Смит “Авирагчид итгэж ийм зөвшөөрөл олгох нь ховор тохиолдол. Тайпэй 101 бол үнэхээр Тайванийн бэлгэдэл мөн” гэсэн юм.
Тайпэй 101-ийн чөлөөт авиралт нь хагас дамжуулагч, Хятадын заналхийлэл гэсэн өнцгөөс тэс өөрөөр Тайванийг дэлхий нийтэд харуулсан гэж ажиглагчид үзэж байна.
Тайванийн удирдагч Лай Чин Тэ “Аймшиггүй зоригтой Алекст даалгавраа гүйцэтгэсэнд нь баяр хүргэе. Шууд дамжуулалтын камераар дэлхий нийт зөвхөн Тайпэй 101-ийг хараагүй байх. Дэлхий нийт Тайванийн хүн ардын халуун дулаан сэтгэл, хүсэл тэмүүллийг, үзэсгэлэнтэй уул толгод, газар нутгийг харсан болов уу” гэжээ.
Тайпэй 101 рүү чөлөөт авиралт хийсэн тохиолдол үүгээр дуусахгүй. 2004 онд Францын авирагч Алэйн Роберт дөрвөн цагийн дотор Тайпэй 101 рүү олсгүйгээр авирчээ. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр хэд хэдэн барилга руу хамгаалалтгүй авирснаараа “Spiderman” хочтэй болжээ.





