АНУ тэнгис болон агаарын цэргийн хүчнээ Персийн булан руу илгээжээ. Израиль, Ираны 12 өдрийн мөргөлдөөний үеэр буюу өнгөрсөн оны зургадугаар сард АНУ Ойрхи Дорнодод хамгийн сүүлд цэргүүдээ байршуулсан билээ.
Трамп Иран дахь жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлэн, тусламж очиж байна гэж мэдэгдэж байв. Гэсэн ч өнгөрсөн долоо хоногоос үг хэллэгээ арай зөөлрүүлж, жагсаал ч харьцангуй намжсан.
Ойрхи Дорнод руу цэрэг илгээсэн талаар Трамп мэдэгдэхдээ “Бид Ираныг ажиглаж байна. Иран руу чиглэж буй томоохон хүчин бидэнд бий. Магадгүй бид цэргүүдээ ашиглахгүй ч байж болох юм… Юу болохыг харж л байя” гэсэн юм.
АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг “Abraham Lincoln” Өмнөд Хятадын тэнгист байсан боловч долоо хоногийн өмнөөс Ойрхи Дорнод руу чиглэж эхэлжээ. “Abraham Lincoln” хөлгийн бүрэлдэхүүнд “Tomahawk” пуужингаар тоноглогдсон “Arleigh Burke” ангиллын устгагч байдаг. “Tomahawk” пуужин нь Ираны нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх чадвартай. Үүний зэрэгцээ пуужин болон агаарын бусад заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах чадвартай “Aegis” системээр тоноглогдсон хөлгүүд ч бүрэлдэхүүнд багтжээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын 40-50 мянган цэрэг бүхий бааз Ойрхи Дорнодод олон 10 жил байршсан. Албаныхны мэдээлж буйгаар, бүс нутаг даяар дор хаяж 19 байршилд АНУ-ын түр болон байнгын баазууд байрладаг. Тухайлбал, Бахрейн, Египет, Ирак, Йордан, Кувейт, Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсуудад найман байнгын бааз бий.