ХҮМҮҮС
Трампын засаг захиргаа болон Кубын удирдагчдын хооронд газрын тосны хоригийг сулруулах асуудлаар хэлэлцээ үргэлжилсээр байна. Энэ цаг үед Кубын хувьсгалын удирдагч агсан Фидель Кастрогийн инфлюенсер ач хүү Сандро Кастрогийн хийсэн мэдэгдэл олны анхаарлыг татлаа. Ерөнхийлөгчийн ажилд муу дүн тавьж, капитализмыг уриалж буй Сандро Кастрог Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.
Өдгөө 33 настай Сандро Кастро Кубын засгийн газарт ямар нэгэн албан тушаал хашдаггүй. Фидель Кастрог есөн хүүхэдтэй байсан гэж үздэг бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнээс олон ч байх магадлалтай. Сандро Кастрогийн эцэг Алексис Кастро Сото дел Валле нь Фидель Кастрогийн хоёр дахь эхнэрээс төрсөн таван хүүхдийн нэг юм.
Тэрбээр инстаграм дээр 140 мянга гаруй дагагчтай нөлөө бүхий нэгэн. Арал дээр болон хилийн чанадад оршин суудаг куба хүмүүсийн олонх нь түүний гайхуулдаг тансаг амьдралын хэв маягт шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал, 2021 онд тэрбээр Кубын гудамжинд ховорхон харагддаг тансаг зэрэглэлийн “Mercedes-Benz” жолоодож буй бичлэгээ цахим сүлжээндээ нийтэлснээр багагүй шуугиан дэгдээж байв. Олны хэл амнаас эмээсэн гэр бүлийнхнийхээ шахалтаар эцэст нь энэ үйлдлийнхээ төлөө тэр уучлал хүссэн байдаг.
Гарал үүслээсээ шалтгаалсан ямар нэг давуу байдал огт эдэлдэггүй гэж Сандро Кастро мэтгэдэг ч бодит байдал дээр тиймгүй. Өнөөдөр кубачүүд тог цахилгаангүй, шатахуунгүй, эдийн засгийн хүнд хэцүүг даван туулж байхад Сандро Кастро агааржуулагчтай орон сууцандаа хүйтэн шар айраг шимэн сууна.
Тэр өөрийгөө “Би Дубайн баян биш. Манай гэр бүл харш, дарвуулт завь эзэмшдэггүй. Машиндаа хийх бензин ч алга” гэжээ.










Сандро Кастро өдгөө Хавана хотын тансаг дүүрэгт алдартай цэнгээний газар ажиллуулдаг. Тус цэнгээний газраа ердөө 50 мянган ам.доллараар худалдаж авсан гэж мэдэгдсэн байдаг. Гэвч энэ нь ихэнх кубачүүдийн хувьд санаанд багтамгүй их мөнгө юм.
Тансаг амьдралын хэв маягтай ч гэлээ Сандро Кастро Кубад үргэлжилж буй хямралын талаар гомдоллож байна. Тэрбээр сүүлд өгсөн ярилцлагадаа “Нөхцөл байдал маш хүнд байна. Иргэд мянга мянган асуудалтай нүүр тулдаг. Нэг өдрийн дотор цахилгаан тасрана, ус тасрана. Бараа ирэхгүй. Маш хэцүү, үнэхээр хэцүү” гэж гомдолложээ.
Түүний сүүлийн ярилцлагадаа хэлсэн үгнүүд гэр бүлийн бусад гишүүнийх нь үзэл бодлыг илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй. Фидель Кастрогийн үргэлжлэл болсон гэр бүлийнхэн олон нийтэд хамгийн нэр нөлөөтэй байдаг нэгнээрээ дамжуулан АНУ-д дохио илгээхийг хүссэн ч байж магадгүй. Гэм нь Сандро Кастрогийн бүдүүлэг ч юм шиг байдал заримдаа илэрхийлэх гэсэн санааных нь эрчийг бууруулах нь бий.
Сандро Кастро “Х” платформд засгийн газрын бодлогыг идэвхтэй шүүмжилдэг байж байгаад өнгөрсөн жилээс нийтлэл бичихээ больжээ.
Гэтэл засгийн газар эсвэл Коммунист намыг шүүмжилснээс болж кубачүүд шоронгийн хаалга ч татаж мэдэхээр болсон эгзэгтэй цаг үед Сандро Кастро АНУ-ын хэвлэлд улс төрийн нөхцөл байдлын талаар ярихыг зөвшөөрсөн, одоогийн удирдагчдыг гутаан доромжилсон зэргийг харвал гэр бүлийн нөлөө ороогүй гэх баталгаагүй. Сандро Кастро гарал үүслийнхээ ачаар аливаа шийтгэл хүлээх магадлал бага. Гэхдээ “CNN”-д өгсөн ярилцлагадаа тэр муж улсын аюулгүй байдлын агентлагуудаас анхааруулга авсан гэж мэдэгджээ.
Тэрбээр ярилцлагадаа “Кубын ард иргэдийн олонх нь капитализмыг дэмжиж байгаа. Ерөнхийлөгч Мигель Диас-Канел муу ажилласан” гэжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио саяхны мэдэгдэлдээ “Кубын удирдлагыг солих хэрэгтэй” гэж мэдэгдэж байсан бол Сандро Кастро ч энэ уриалгыг давтсан байна. Мөн энэ нь Кубын засгийн газрын зарим албан тушаалтан Трампын засаг захиргаатай тохиролцох сонирхолтой байж магадгүйг илтгэнэ.
Тэрбээр “Кубад капиталист байдлаар сэтгэдэг олон хүн бий. Иргэдийн дийлэнх нь коммунист биш, капиталист байхыг хүсдэг гэж би бодож байна” гэжээ.
Энэ нь засгийн газрын албан ёсны байр суурьтай цэвэр эсрэгцсэн мэдэгдэл юм. Кубын Үндсэн хуульд коммунизмыг баталгаажуулсан байдаг бөгөөд тус улс эдийн засгаа нээхээс татгалзсаар ирсэн. АНУ-ын дарамтыг эсэргүүцэхээ амласан ерөнхийлөгч Мигель Диас-Канелын талаар Сандро Кастрогоос асуухад “Түүнийг сайн ажиллаж байна гэж би хэлэхгүй. Миний хувьд тэр сайн ажиллаж чадахгүй байгаа. Аль эрт л хийчих ёстой байсан олон зүйл дээр тэр хөдлөөгүй” гэж хариулжээ.
Сандро Кастро сүүлийн ярилцлагаараа Трамптай тохиролцохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд зогсохгүй өмнө нь инстаграмдаа хүртэл ижил төстэй бичлэг оруулсан. Тодруулбал, тэрбээр Трампын дүрд тоглосон жүжигчинтэй зохиомол хэлэлцээр хийж, түүнийг Хавана хотоор дагуулж явж буй тухай хошин бичлэг нийтэлсэн байна.

Олон нийтэд задруулаагүй өөр нэг бичлэгт нь Кастро Хавана хотын алдарт Малеконд байрлах Трампын цамхагийг Трампад үзүүлж, АНУ-ын ерөнхийлөгч хариуд нь түүнд Майамид харш санал болгож байгаагаар гардаг. Харин Кастро тус зохиомол бичлэг дээр Трампын саналыг няцааж, “Бид эрх чөлөөний хөшөө хүсч байна. Яагаад гэдгийг нь мэдэх үү? Учир нь бид энх тайвныг хүсч байна” гэж хэлэх аж.
Ард иргэд Сандро Кастрогийн ярилцлагыг янз бүрээр хүлээж авч байна. Зарим хүн Кастрогийн энэхүү ховор ярилцлагыг гэр бүлээ эрх мэдлийн тавцангаас буулгахгүй байх санаа гэж шүүмжилсэн бол зарим нь улс оронд айсуй өөрчлөлтийн дохио гэж сайшаажээ.
Кубад Кастро байх нь ашиг тустай юу гэж сэтгүүлч түүнээс асуухад “Миний нэр бол миний нэр. Би логикын хувьд нэрээрээ бахархдаг. Гэхдээ таны яриад байгаа ач тусыг би олж харахгүй байгаа. Би зүгээр л нэг иргэн” гэж хариулжээ.











