3×3: Азийн орнууд анхаарч эхлэв, Монгол хэрхэх вэ?

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт болж, өчигдөр/2026.04.06/ аваргууд тодорлоо. Шинэ Зеландын эрэгтэй болон Австралийн эмэгтэй шигшээ багууд аваргаар шалгарав. Австралийн бүсгүйчүүд “манай” тивд барьц алдахгүй босоо хэвээр үлдсэн бол Шинэ Зеландын залуучууд эрийн цээнд хүрчээ. Саяхан л 21 болон 23 хүртэлх насны Азийн цуврал тэмцээнүүдэд Монголын залуучуудтай өгөө, аваатай үзэж байсан тэд Катар, Австрали, Япон, Өмнөд Солонгосыг ойртуулсангүй.

ТЭД ХӨГЖИВ

3х3 сагсан бөмбөгийн төрөлтэй дэлхий нийт танилцаад удаагүй байна. Олимпын хөтөлбөрт багтсанаас хойш энэ спортын төрлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, илүү анхаардаг болжээ. Гэтэл Монгол Улсад аль хэдийнэ 3х3 сагсан бөмбөг ороод ирчихсэн байв. “Sprite 3х3” гээд л  талбай дээр хүүхэд, залуусын дунд томоохон тэмцээн болдог байлаа. Байр, хороолол, гудамж болгоны сагсан бөмбөгийн талбай дээр монголчууд 3х3-ыг нүдсэн. Үүнийхээ үр дүнд дэлхийд танигдсан.

Гэхдээ одоо цаг үе өөр болсон гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дэлхий нийт энэ спорттой танилцаж байх үед бид анхдагчид нь байсан. Одоо дэлхий нийт, Азиуд биднийг гүйцээд ирлээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медаль бол тэртээ олон жилийн өмнө эхлүүлсэн аяллын оргил цэг нь байсан. Дахин дэлхийн аваргаас медаль хүртэх, олимпод оролцоно гэдэг урьдынх шиг биш. Монголын 3х3 сагсан бөмбөг дараагийн үеийн давалгаагаа эхлүүлэх цаг ирэв.

Катар ч гэсэн 3х3 сагсан бөмбөгийн анхдагчид байсан бол өдгөө хөгжилд гүйцэгдэж, үнэнтэй нүүр тулжээ.

Өмнөд Солонгос, Филиппин, Сингапур, Малайзын 3х3 сагсан бөмбөг нүдэн дээр хөгжиж байна. Сингапурын нас, насны шигшээ баг саяхан л арван оноо авдаггүй баг байлаа. Өдгөө тивийнхээ томчуудыг сандаргаж, зөөлөн боорцог биш гэдгээ харуулав.

Өмнөд Солонгос угаасаа л сагсан бөмбөгийн түүхтэй орон. Гэхдээ энэ жилийнх шиг 3х3 сагсан бөмбөгтөө анхаарч байсангүй. Их сургуулийн оюутнуудаас бүрдүүлсэн багаа илгээж, үнсгэлжингийн үлгэрийг толилуулав. Урьдчилсан шатнаас тэмцээнийг эхлүүлсэн тус улсын эрэгтэй шигшээ баг Сингапур, Япон, Филиппин, Хятадыг сөхрүүлж, Шинэ Зеландад тахим буулгав. Хятадыг хожихдоо гурвуулаа тоглож, шидэлтээр бороо оруулсан. Магадгүй нүүрэндээ бэртэл авсан И Жу Ён Шинэ Зеландын эсрэг тоглолтын эхнээс тоглосон бол арай өөр дүр зураг харах байсан биз.

Хятад, Япон, Австрали, Шинэ Зеландын хажуугаар Өмнөд Солонгос гэж хүчирхэг өрсөлдөгч гарч ирэх аж.

3x3: Азийн орнууд анхаарч эхлэв, Монгол хэрхэх вэ?

Мөнгөн медаль хүртсэн Филиппиний эмэгтэй шигшээ баг бол 5х5 шигшээдээ давхар тоглодог. Сарын өмнө л дэлхийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдсөн баг бэлтгэлжилт, формтой ирсэн нь харагдсан. Тэд Монгол, Японыг дараалан хожиж, Австралид тахим буулгажээ.

Хятадын эмэгтэй шигшээ баг ухаантай тоглосон бол Австралийг хожих байв.

3x3: Азийн орнууд анхаарч эхлэв, Монгол хэрхэх вэ?

БИД ЯАХ ВЭ?

Эмэгтэй шигшээ багийн хувьд өнөө цагийн хамгийн боломжит хувилбараа илгээсэн. Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн баг дээр Э.Нарангоо. Хятад, Австрали, Шинэ Зеландтай үзэхэд өндөр нуруу шаардлагатай. Тиймээс өнөө цагийн хамгийн зөв сонголт нь Э.Нарангоо билээ. Хэсгийн шатанд ч цол дагаж, бяр гэгчээр Шинэ Зеланд, Малайзыг буулган авсан. Харамсалтай нь, хасагдах шатанд Филиппинийг бараагүй. Багийн систем байгаа ч эгзэгтэй мөчид хувийн ур чадвар хэрэгтэй нь харагдсан. Хувилбараар эсвэл савсан шидэлтээр 21 оноо авна гэж үгүй. Тулсан үед “iso” тоглох, гангарах хүн хэрэгтэй байна.

Н.Нандинхүсэлд сайжрах, туршлагажих маш их нөөц бололцоо, хэрэгцээ байгаа нь харагдсан.

3x3: Азийн орнууд анхаарч эхлэв, Монгол хэрхэх вэ?

Эрэгтэй шигшээ багийн хувьд мөн л хамгийн боломжит хувилбар нь тэр байлаа. Яг лигийн тоглолтууд давхцсан учир плей-оффоос мултарсан багуудаас баг бүрдүүлсэн. Г.Болор-Эрдэнэ, М.Чинхутаг, Н.Ганбаатар нар өмнө нь мэргэжлийн түвшинд, шигшээ багийн түвшинд 3х3 сагсан бөмбөг тоглож, тоглоомоо ойлгочихсон хүмүүс. Харин Э.Сугар-Очир Тайваньд оюутан байхдаа мөн л энэ төрлөөр хожиж, хожигдож үзсэн нэгэн. Ийм багийн бүрэлдэхүүнийг чамлахааргүй. Харамсалтай нь, бусад улстай өрсөлдөх хэмжээний байсангүй.

Тайванийг хожиж, Филиппинийг 21-19-ээр буулган авсан. Эдгээр хожилд хүн бүрийн үүрэг оролцоо байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Хасагдах шатанд Японы эсрэг үнэхээр шидэлт ороогүй. Угтаа давуу талаа сайн ойлгож, намхан Озаваг зогсоо, зайгүй дээрэлхсэн.

3x3: Азийн орнууд анхаарч эхлэв, Монгол хэрхэх вэ?

Дээд лигийн тоглолтууд давхцсан нь эрэгтэй шигшээ багийн тамирчид сонгох дээр том нөлөө үзүүлэв. Угтаа өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аваргад оролцсон баг байсан бол үзүүштэй. Дараагийн удаа лиг, Азийн аваргын давхцлыг арилгах хэрэгтэй харагдана.

Монголын 3х3 сагсан бөмбөгт шинэ давалгаа түрэх хэрэгцээ үүссэн. 2028 оны олимпын цикл албан ёсоор эхэллээ. Олимпод оролцох багуудын тоо нэмэгдсэн нь монголчуудад боломж гэлтэй. Гэхдээ шигшээ баг тивдээ манлайлах шаардлагатай. Ирэх жилийн Азийн аварга Улаанбаатарт болно. Тэнд л алдаагааа засах нь чухал. Мөн мэргэжлийн багууд, нас насны шигшээ багууд олон улсад тогтмол амжилттай оролцох хариуцлагатай үе.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн лиг тун удахгүй эхэлнэ гэдэг нь таатай мэдээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн