Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга баг Хасын Хүлэгүүд өнөөдөр/2026.04.06/ 20:00 цагаас Азийн аяллаа үргэлжлүүлнэ. Өнгөрсөн жил Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн аварга болсон тэд аваргаа хамгаалахаар дахин ирлээ.
Хүлэгүүд тэмцээний хэсгийн шатны В хэсэгт Тайванийн Таоюан Пауян Пайлотс, Нью Тайпэй Кингс болон Хонгконгийн Саут Чайна Атлетик багуудтай өрсөлдөнө.
Нью Тайпэй Кингс багт Хүлэгүүдийн хуучин цэрэг Толберт бий.
Тэмцээний өмнө Хүлэгүүдийн гол тоглогч, өнгөрсөн жилийн тус тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч” болсон Ян Миллер ярихдаа “Бид бүхнээ дайчилна. Манай хэсэг тун өрсөлдөөнтэй. Тайванийн хоёр ч баг байна. Үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ би өөрсдийгөө дахиад оргилд нь хүрнэ гэж харж байна” гэжээ.

Өнөөдөр Хүлэгүүдийн эсрэг тоглох Саут Чайна Атлетик баг нь Хонгконгийн лигийн аварга бөгөөд анх удаа Азийн аваргуудын лигт өрсөлдөж байгаа нь энэ. Тэдний гол тоглогч нь Келвин Цанг. Өдгөө 25 настай тэрбээр дотоодын лигийн финалдаа 17.8 оноо, 6.8 ашигтай дамжуулалт, 5.5 самбар дунджилжээ.