Токио 2020 олимпын наадмаас Украины каратэчин Станислав Горуна хүрэл медаль хүртэж байв. Тэрбээр дайны хөлд сүйдээд буй эх орондоо тус нэмэр болохын тулд 2020 онд медалиа дуудлагаар худалдсан. Улмаар тус медалийг Токиогийн каратэгийн клубтэй хамаарал бүхий нэгэн япон хүн 20500 ам.доллараар худалдаж авчээ.
Тэгвэл өнгөрсөн Ням гаригт тэрхүү хүрэл медаль анхны эзэндээ буцаж ирснийг “NHK” мэдээллээ.
Дуудлагаар худалдаж авсан япон хүн анхандаа Орос, Украины дайн дуусмагц медалийг эзэнд нь буцааж өгнө гэж төлөвлөсөн байсан аж. Гэвч дайн үргэлжилсээр байгаа тул энх тайвны төлөөх итгэл найдварыг илэрхийлэн медалийг эртхэн эзэнд нь буцаах шийдвэр гаргажээ. Медалийг эргүүлэн өгөх ёслолын арга хэмжээ Ням гаригт болсон бөгөөд Токиогийн каратэ клубын төлөөлөл хүүхэд Горунад медалийг нь зүүж өгсөн байна.
Талархлаа илэрхийлэхийн тулд Горуна сүүлд нь хүүхдүүдэд арга техникээсээ зааж өгч, ур чадвараа харуулжээ. Мөн тэрбээр өөрийг нь дэмждэг хүмүүс байдагт баяртай байгаагаа илэрхийлээд, медалиа хүүдээ үзүүлж, том мөрөөдөлтэй амьдрахыг нь дэмжинэ гэжээ.