ХАВАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 5 /Reuters/. Кубын Коммунист засгийн газар өргөн цар хүрээтэй өршөөл үзүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа баасан гарагт тус улсын шоронгуудаас хоригдлуудыг суллаж эхэлжээ. Энэхүү үйл явдал нь АНУ-аас Кубад үзүүлж буй сүүлийн хэдэн арван жил дэх хамгийн хүчтэй шахалттай давхцаж байна.
Кубын төрийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэхдээ “бүрэн эрхт байдал болон хүмүүнлэгийн” илэрхийлэл болгон 2000 гаруй хоригдлыг суллахаар шийдвэрлэлээ гэжээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд үзүүлж буй хамгийн том хэмжээний өршөөл болж байна.
Суллагдаж буй хүмүүсийн дунд улс төрийн хоригдол гэж тооцогдож буй хүмүүс байгаа эсэхийг анхааралтай ажиглаж байгаагаа АНУ-ын тал мэдэгджээ.
Өнгөрсөн баасан гарагт Хавана хотын ойролцоох Гуанабакоа суурин дахь Ла-Лима шоронгоос эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тасралтгүй гарч ирсэн байна. Reuters агентлагийн сурвалжлагч тэдний заримтай нь ярилцахад хулгайн хэргээс эхлээд авлига зэрэг хэргээр ял шийтгүүлсэн хүмүүс байсан бөгөөд засгийн газрын эсрэг улс төрийн эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүн байсангүй. “Улс төрийн хоригдлуудаас хэд нь суллагдах, эсвэл ер нь суллагдах эсэх нь тодорхойгүй байна. Бид шударга бусаар хоригдож буй Кубын зуу зуун эх орончдыг нэн даруй суллахыг шаардсаар байх болно” гэж АНУ-ын төлөөлөгч мэдэгджээ.
Улс төрийн хоригдлуудын асуудал нь Вашингтон, Хавана хоорондын хэлэлцээнд гол тээг саадуудын нэг байсаар иржээ. Хэрэв улс төрийн хоригдлуудыг бүгдийг нь эсвэл ихэнхийг нь суллавал энэ нь хоёр улсын хооронд үргэлжилж буй яриа хэлэлцээний явцад Кубын талаас томоохон буулт хийсэн гэж тооцогдоно.
Кубын засгийн газар АНУ-ын шахалтаар шийдвэр гаргадаг гэх аливаа таамаглалыг тууштай няцаасаар иржээ. Пүрэв гаргийн орой гаргасан өршөөлийн тухай албан ёсны мэдээлэлд өмнөх өршөөлийн ажиллагаануудад оролцож байсан АНУ болон Ватиканы талаар дурдаагүй байна.
Кубын эрх баригчид Беларусийн адил улс төрийн хоригдлууд байгаа гэдгийг удаа дараа үгүйсгэсээр иржээ. Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийг Кубын эрх баригчид нийгмийн хэв журам зөрчсөн, баривчилгааг эсэргүүцсэн, дээрэм тонуул хийж, эд хөрөнгө сүйтгэсэн гэх зэрэг хэрэгт буруутгадаг байна.
АНУ-аас санхүүждэг хүний эрхийн хамгаалагчид өнгөрсөн баасан гарагт “үзэл санааныг хоригдлууд” суллагдсан тохиолдлыг бүртгэж чадаагүй гэж мэдэгджээ. Кубад ихэвчлэн өршөөлөөр суллагдсан хоригдлуудын нэрсийн жагсаалтыг нийтэд мэдээлдэггүй тул хүний эрхийн байгууллагуудад мэдээллийг баталгаажуулахад хүндрэлтэй байдаг байна.