Хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 4 //. УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Израилын парламентын бүлгийн дарга О.Саранчулуун Израил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Э.Белоцерковскиг өргөмжит консул болон гэргийн хамт өчигдөр хүлээн авч уулзлаа.

Тэрбээр, “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн түүхэн ой тохиож буй цаг үед Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, эхний уулзалтаа парламентын бүлгээс эхлүүлсэн ноён Элчин сайдад талархал илэрхийлэн амжилт хүсэв. Парламентын бүлгийн даргаас улс орнуудын хууль тогтоох дээд байгууллагууд гадаад харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэгтэйг онцлоод, хоёр улсын парламентын бүлгүүд 2026 оны 2 дугаар сард цахим уулзалт хийж, сайн туршлага солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон, үүнд оролцоо, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэв. 

Түүнчлэн уур амьсгалын хувьд ижил төстэй хоёр улсын дипломат харилцааг хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлд хөгжүүлэх, цөлжилттэй тэмцсэн дэвшилтэт шийдлээсээ танилцуулах, ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах олон улсын эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад төлөөлөл оролцуулах, орчны хүртээмжийг сайжруулах, нийгмийн эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, эрх зүйн орчны судалгааны туршлага солилцох зэрэгт хамтрахад нээлттэй талаар дурдлаа. 

Элчин сайд Э.Белоцерковски талархал илэрхийлээд, Монгол Улсад Израилын төлөөлөл айлчлах, аялах хүсэлтэй байгааг уламжиллаа. Мөн хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэхэд анхаарна. Хөдөө аж ахуйн сургалт болон үйлдвэрлэлийн дадлага олгох зэрэг боловсролын салбарт хамтрах, гоц авьяастай хүүхэд, залуусыг суралцуулах боломж байгааг тэрбээр онцлон тэмдэглэв. 

Мөн Израил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Э.Белоцерковски Монгол-Израилын парламентын бүлгийн дарга О.Саранчулуунд хамтын ажиллагааны хөтөлбөрийн төслийг гардууллаа. Парламентын бүлгийн дарга уг мэдээлэлтэй танилцаад, хариуг хүргүүлэхээ мэдэгдсэн талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллэв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн