ТОКИО, 2026 оны гуравдугаар сарын 30 /CNBC/. Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын ажиллагаа, мөн газрын тосны үнэ өсөж буйтай холбоотойгоор Ази-Номхон далайн бүс нутгийн хувьцааны зах зээлүүд үргэлжлэн унасаар байна.
Японы тэргүүлэх 225 компанийн хувьцааны ханшийн хэлбэлзлийг харуулдаг гол индекс болох “Nikkei” гуравдугаар сарын 30-ны буюу өнөөдрийн арилжаа хаагдах үед 2.8 хувиар унаж, 51 885.85 нэгжид хүрсэн байна. Токиогийн хөрөнгийн биржийн Topix индекс мөн 4.8 хувиар унасан ч арилжаа хаагдах мөчид саарч 2.9 хувь болжээ. Өнөөдрийн ажилжаагаар технологийн салбарын компаниуд, банкуудын хувьцаа хамгийн их хувиар буурсан байна. Тухайлбал, “SoftBank Group”-ийн хувьцаа арилжаа хаагдахад 6.3 хувиар, “Ibiden”-ийн үнэт цаас 5.9 хувиар, автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor”-ийн хувьцаа 4 хувиар, чип үйлдвэрлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Advantest”-ийн хувьцаа 5.1 хувиар тус тус огцом унажээ.
Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн “Kospi” индекс 5.3 хувиар буурсан байна. Арилжаа хаагдах үед уг индексийн уналт 3 хувь болж удааширснаар 5277.3 нэгж болсон байна. “Samsung Electronics” компанийн хувьцаа 1.7 хувиар, “SK Hynix”-ийнх 5.3 хувиар унажээ. Харин Хонконгийн “Hang Seng” индекс 1.1 хувиар, Хятадын “CSI 300” индекс 0.2 хувиар буурсан байна.
Йеменийн хуситууд Ойрх Дорнодын мөргөлдөөнд Ираны талд орсон тухай мэдээ Азийн зах зээлүүд унахад нөлөөлсөн байна. Хуситууд гуравдугаар сарын 28-нд Израилын өмнөд нутагт пуужингийн цохилт өгсний дараа газрын тосны үнэ дахин өсөж, ICE бирж дээр зургаадугаар сард нийлүүлэх “Brent” маркийн газрын тосны фьючерс үнэ 3.9 хувиар өсөж, нэг баррель нь 109.44 ам.долларт хүрчээ.