АНУ-ын Холбооны мөрдөн байцаах товчооны (FBI) захирал Каш Пателийн хувийн имэйлд Ираны засгийн газарт холбогдох хакерууд нэвтэрсэн байна. Тэд Пателийн хувийн зураг, бичлэг, мэдээллүүдийг цахим сүлжээнд нийтэлжээ. Тухайлбал “FBI”-ны дарга болохоос өмнөх буюу 2011-2021 оны хоорондох хувийн зурвас, аяллын мэдээлэл болон цахимаар холбогдож байсан хүмүүсийн мэдээлэл ил болжээ. Хакеруудын “нэвтрэхийн аргагүй” “FBI”-ын системийг эвдэх нь үнэндээ амархан байсан бөгөөд Пателийн өмнө нь орон сууц хайж байх үеийн мэдээлэл, гэр бүлийн зураг зэрэг мэдээлэл нь алдагдсан гэж судлаач Рон Фабела хэлжээ. Тэрбээр мөн “Энэ бол FBI-ны нууц мэдээлэл биш, хэн нэгний хувийн хэрэгтэй, хэрэггүй зүйлс л байсан” гэж хэлж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, Баасан гаригт (2026.03.27) Пателийн имэйл хакердуулсан байх өндөр магадлалтай.
“FBI”-ны зүгээс хувийн мэдээллээс өөр холбооны засгийн газрын мэдээллүүдэд хакерууд нэвтрээгүй байгаа юм. Мөн “Handala Hack Team” гэх хакер бүлэглэлийн талаарх мэдээллийг өгсөн хүнд 10 сая ам.долларын шагнал санал болгож байна. “FBI”-ны мэдээлснээр, тус бүлэг АНУ-ын засгийн газрын албан тушаалтнуудыг байнга онилдог байна. Албан ёсны мэдэгдэл, “FBI нь захирал Пателийн хувийн имэйл мэдээллийг онилж буй хорлонтой этгээдүүдийн талаар мэдэж байгаа бөгөөд бид энэ үйл ажиллагаатай холбоотой болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд шаардлагатай бүх алхмыг хийсэн. Ерөнхийлөгч Трампын Америкийн кибер стратегийн дагуу FBI нь сүлжээг хамгаалахын тулд хариуцлагатайгаар гэмт этгээдүүдийг үргэлжлүүлэн мөрдөж, хохирогчдыг дэмжиж, арга хэмжээ авах боломжтой тагнуулын мэдээллийг хуваалцах болно” гэсэн байв.
Холбооны засгийн газраас Ирантай холбоотой хакерууд АНУ болон Израилийн Иранд хийсэн довтолгооны хариуд кибер халдлага хийж болзошгүй гэж анхааруулж байсан.
Пател өмнө нь мөн цахим халдлагад өртөж байв. Тодруулбал, 2024 онд “FBI”-ны даргаар томилогдохоос нь өмнө хувийн зурвасууд нь ил болж байв. Уг халдлагыг Хятад болон Иран зэрэг улсын хакеруудын хийсэн халдлага бөгөөд Трампын ойрын холбоотнуудыг онилсон өргөн хүрээний ажиллагааны нэг байжээ. “Handala Hack Team” Пателийн хувийн мэдээлэл рүү халдахаас өмнө энэ сарын эхээр АНУ-ын томоохон эмнэлгийн төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн үйл ажиллагааг саатуулсан өөр нэг кибер халдлагыг мөн хийсэн байна. Тэд энэ үйлдлээ Иранд болсон пуужингийн цохилтын хариу гэж мэдэгдсэн бөгөөд Ираны хэвлэлээр тухайн халдлагад олон хүүхэд амь үрэгдсэн гэж мэдээлсэн юм. АНУ-ын Хууль зүйн яам эдгээр хакеруудыг Ираны Тагнуулын яамтай холбоотой гэж буруутгаж байна.