Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Пёньян хотноо хийж буй анхны айлчлалынхаа хүрээнд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах хэд хэдэн арга хэмжээнд оролцлоо.
Айлчлалын эхэнд Ким Жон Ун Лукашенког Пёньян хотноо ёслол төгөлдөр угтан авсан бөгөөд хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлж, хүндэтгэлийн буудлага хийв. Үүний дараа хоёр удирдагч хамтдаа Дэлхийн II дайны үед Солонгосыг чөлөөлсөн Зөвлөлтийн Улаан армийн цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөсөн байна.
Лукашенко Пёньянд ирснийхээ дараа Кымсусаны дурсгалын ордонд зочилж, БНАСАУ-ын удирдагч асан Ким Ил Сон, Ким Жан Ил нарт хүндэтгэл үзүүлжээ. Мөн хоёр тал “найрамдал, хамтын ажиллагаа”-ны гэрээнд гарын үсэг зурж, харилцаагаа гүнзгийрүүлэхээ илэрхийлсэн байна. Ким Жон Ун Лукашенког тансаг хүлээн авч, хоёр улс “шинэ шатанд шилжиж байна” гэж онцолсон бол Лукашенко Кимд автомат буу бэлэглэж, “дайснууд гарч ирвэл хэрэг болж магадгүй” хэмээн хошигносон нь анхаарал татжээ.
Хариуд нь Ким Жон Ун Беларусийн ерөнхийлөгчид түүний хөрөг бүхий том хэмжээний мозайк ваар бэлэглэсэн бөгөөд уг бүтээлийг олон арван далайн хясаагаар урласан болохыг тайлбарласан байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал алхам болж байна. Мөн Беларусь, Хойд Солонгос нь ОХУ-тай ойр харилцаатай орнуудын хувьд бүс нутаг болон олон улсын нөхцөл байдалд хамтран байр сууриа илэрхийлэх хандлага улам тодорч буйг харуулж байна.