Цагаан ордон анхны робот зочноо хүлээн авчээ

Цагаан ордны зүүн танхим улстөрчид, гадаадын ихэс дээдсүүд, дайны баатрууд, алдартнууд, элит тамирчдыг хүлээн авсаар ирсэн түүхтэй. Гэвч энэ удаад тэргүүн хатагтай Меланиа Трамп зүүн танхимд Америкт үйлдвэрлэсэн хүн дүрст роботыг урилаа.

Трамп “Ирээдүйг хамтдаа бүтээх нь” санаачлагын хүрээнд хоёр өдрийн чуулган зохион байгуулсан. Чуулганы хоёр дахь өдрийн зочноор “Figure 3” гэх робот хүрэлцэн ирсэн юм.

“Figure 3” робот эмэгтэй хоолойгоор “Намайг Цагаан ордонд урьсан тэргүүн хатагтай Меланиа Трамп танд баярлалаа. Хиймэл оюун ухааны боловсрол, хүүхдийн аюулгүй байдлын талаарх дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлж буй минь нэр төрийн хэрэг. Хүүхдүүдийг технологи, боловсролоор хүчирхэгжүүлж буй энэ түүхэн арга хэмжээний нэг хэсэг болсондоо таатай байна” гэж хэлжээ.

Дэлхийн олон орны тэргүүн хатагтай нар болон технологийн компанийн төлөөлөгчид энэхүү санаанд оромгүй зочныг гайхаж цочирдон хүлээж авчээ. Мөн арга хэмжээ ямар нэг техникийн сааталгүйгээр болж өнгөрсөнд тэдний санаа амарсан аж. Учир нь “Figure 3”-ын амжилттай илтгэл Москвагийн технологийн чуулганы үеэр болсон бүтэлгүйтэлтэй харьцууламгүй байсныг “CNN” онцолжээ. Тухайн үед оросуудын бүтээсэн хүн дүрст робот хүмүүсийн өмнө бүдэрч унасан билээ.

“Figure 3” нь хиймэл оюун ухаант робот хөгжүүлэлтийн “Figure” компанийн бүтээл юм. Тус робот хоёр хөл дээрээ алхахаас гадна 11 өөр хэлээр, төгс дуудлагатайгаар хүмүүстэй мэндчилжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн