БНСУ-ын хууль тогтоогчдын талаас илүү нь ам.долларын саятан

Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн 300 гишүүний тал илүү нь 2025 оны байдлаар саятан болсон байжээ. Тодруулбал, Үндэсний ассамблейн Олон нийтийн ёс зүйн хорооны өнөөдөр /2026.03.25/ танилцуулсан тайланд дурдсанаар, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй 287 хууль тогтоогчоос 164 нь 1.5 тэрбум вон буюу нэг сая ам.доллар давсан хөрөнгөтэй байна.

Өмнөд Солонгосын хууль тогтоогчдын хөрөнгө орлогыг тооцохдоо үл хөдлөх хөрөнгө, банкин дахь мөнгө, хувьцаа, бонд, автомашин, крипто зэргийг нь авч үздэг.

Хамгийн баян хууль тогтоогчдын жагсаалтыг 50 тэрбум вон давсан хөрөнгөөрөө Ан Чол Су, Пак Дук Хюм тэргүүлжээ. Тодруулбал, Ан Чол Су 125.72 тэрбум, Пак Дук Хюм 54.79 тэрбум воны хөрөнгөтэй гэж тус тус мэдүүлсэн байна. Тэргүүн байрны хоёрыг эс тооцвол хууль тогтоогчдын хөрөнгийн дундаж хэмжээ 2.89 тэрбум вон байна. Харин 500 сая вон буюу 380 мянган ам.доллар хүрэхгүй хөрөнгөтэй гэж мэдүүлсэн 24 хууль тогтоогч байна.

Хамгийн бага хөрөнгөтэй буюу хөрөнгийнх нь хэмжээ хасахтай гарсан хоёр хууль тогтоогч байна. Тодруулбал, Ардчилсан намын хууль тогтоогч Жон Жун Хо өр ширнээс болоод -1.05 тэрбум воны хөрөнгөтэй, Жин Сун Ми -792.3 сая воны хөрөнгөтэй гэж  мэдүүлжээ.

Ерөнхийд нь авч үзвэл, нийт хууль тогтоогчийн 90 орчим хувь нь өнгөрсөн жилээсээ хөрөнгө орлого нь өссөн байна. Эндээс 13 хууль тогтоогчийн хөрөнгө орлого нэг тэрбум гаруй воноор өсчээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн