Газрын тосны хямрал Хятадад хожил авчрав

АНУ, Израилийн Ираны эсрэг дайн Ойрхи Дорнодын чулуужсан түлшний хангамжийг тасалдуулсан. Улмаар өнгөрсөн долоо хоногт түүхий нефтийн үнэ баррель нь 119 ам.доллар хүрсэн билээ.

Гэхдээ газрын тосны салбарын түүхэн хямрал цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд хожил авчрав. Тэр дундаа Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хувьд энэ үймээн самуун цагаа олсон явдал болжээ. Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэл хөгжүүлэгчид боломжийг алдалгүй ашиглахыг эрмэлзэж байна.

Хятадууд дэлхийн аль ч улсаас илүү олон тоогоор цахилгаан автомашин үйлдвэрлэж, экспортолж байна. Үүнийг дагалдаад дотоодод үнийн ширүүн өрсөлдөөн дэгдэж, өсөлт удааширч байна. Иймээс Хятадын брэндүүд өөр зах зээл хайх шаардлагатай болжээ.

Хятадын цахилгаан автомашин хямдарч байхад бензиний үнэ өсч буй энэ үзэгдэл илүү өргөн цар хүрээтэй тэлэлтийг өдөөнө гэж үзэж байна. Ялангуяа Азийн орнуудын дунд цахилгаан автомашины  чиг хандлага улам дэлгэрэх төлөвтэй байна.

“Sino Auto Insights”-ийн гүйцэтгэх захирал Ту Ле “Хятадын брэндүүд шатахууны өндөр үнийн нөлөөгөөр Азийн зах зээлд тэлэх боломжтой байна. Тэд үүнийг бүрэн ашиглах байх” гэжээ.

Ази тивд сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа хэдий ч Ойрхи Дорнодод гурван долоо хоног үргэлжилж буй мөргөлдөөн нь бүс нутаг газрын тосны импортоос хэр их хамааралтайг тод харууллаа. Азийн түүхий нефтийн ойролцоогоор 60 хувь нь Ойрхи Дорнодоос Ормузын хоолойгоор дамжин орж ирдэг. Гэвч Иран улс Ойрхи Дорнодын тээврийн урсгалыг хязгаарлаад буй.

Эрчим хүчний судалгааны “Ember” байгууллага саяхны нэгэн тайландаа цахилгаан автомашинуудыг импортын зардлыг бууруулах хамгийн том хөшүүрэг гэж тодорхойлжээ. Цахилгаан автомашины хэрэглээ өнгөрсөн жил дэлхийн түүхий нефтийн хэрэглээг өдөрт 1.7 сая баррелиар бууруулсан байна. Энэ нь Ираны 2025 оны Ираны экспортын 70 орчим хувьтай тэнцэх хэмжээ юм.

Оросын Украинд эхлүүлсэн дайн Европт сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Үүний нэгэн адил өнөөгийн газрын тосны хямрал Азийн цэвэр эрчим хүчний салбарт эргэлтийн цэг болж буйг шинжээчид хэлж байна.

Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн ахлах шинжээч Лаури Мылливирта “Инфляци бага үед ганц удаагийн үнийн огцом өсөлтийг хүмүүс сүржигнэж хүлээж авахгүй. Хоёр дахь удаагаа үнийн өсөлт давтагдвал хүмүүс нөхцөл байдлыг бүрэн ухаарч, бензин тэрэг унавал ийм савалгаанд байнга өртөх юм байна гэдгээ ойлгоно” гэжээ.

Хятад улс газрын тосныхоо 40 гаруй хувийг Ойрхи Дорнодоос авдаг ч сэргээгдэх эрчим хүч рүү шилжсэн нь үр дүнтэй алхам болсон. Дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй орнуудын нэг бөгөөд салхи, нарны эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгчийн хувьд тус улс Азийн бусад орныг бодвол эрчим хүчний хямралд өртөх нь бага.

Лаури Мылливиртагийн тооцоолсноор, Хятадад бүртгэлтэй нийт автомашины 12 орчим хувь нь цахилгаан автомашин байна. Мөн нийт зарагдаж буй шинэ автомашины 50 хувь нь цахилгаан автомашин байна. Энэ олон тооны цахилгаан автомашин өнгөрсөн жил тус улсын газрын тосны хэрэглээг 10 орчим хувиар бууруулжээ.

Хятад улс эрчим хүчний аюулгүй байдлын стратегийг хэрэгжүүлэхдээ энэ талаас нь анхнаасаа бодсон болов уу. Тэр бүү хэл өнөөгийн газрын тосны хямрал нь Хятадын цэвэр эрчим хүчний зорилтод хүрэх эцсийн хугацааг улам наашлуулж ч мэдэхээр байна. Хятад улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлын оргил цэгтээ хүрч, энэ нь аажимдаа буурсаар 2060 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг тэг болгоно гэж зорьсон билээ.

Ойрхи Дорнодод тогтворгүй байдал үүсэх бүрт ийм зүйл давтагддаг. Эндээс нэг л ижил сургамж авахаар байдаг.

Импортын чулуужсан түлшнээс хэт хамааралтай байх нь зөвхөн байгаль орчинд сөрөг, муу нөлөөтэй байгаад зогсохгүй үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлнө гэдгийг улс орнууд ойлгож авах хэрэгтэй.

Хятадын үйлдвэрлэгчид хямд үнэтэй цахилгаан автомашины салбарт дэлхийн тэргүүлэгч болоход төрийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэвч энэ нь дотоодод ширүүн өрсөлдөөнийг өдөөсөн юм. Нийлүүлэлтийн илүүдэлтэй зах зээлд хөл дээрээ тогтож үлдэхийн тулд олон компани тэмцэж байна.

Хятадын зах зээлд 2024 оны байдлаар цахилгаан автомашин үйлдвэрлэгч 129 компани байсан. Гэвч тэдгээрээс ердөө 15 нь л 2030 он гэхэд санхүүгийн хувьд тогтвортой байх нь гэдгийг “AlixPartners” зөвлөх үйлчилгээний компани тооцоолжээ. Нөгөөтэйгүүр Хятадын засгийн газар цахилгаан автомашины татаасыг аажмаар зогсоож байгаа учраас хүмүүсийн худалдан авах сонирхол буурна гэж үзэж байна.

Сүүлийн үеийн газрын тосны үнийн өсөлт дотоодын үйлдвэрлэгчдэд тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж болох ч илүүдэл нийлүүлэлтийг шингээхийн тулд тэд гадаад зах зээлд найдахаас өөр аргагүй хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн