Орост ажиллаж буй хойд солонгосчууд сард 10 доллараар цалинждаг

Хойд Солонгос улсад төрийн дэмжлэгтэй албадан хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр сүүлийн жилүүдэд эрчимжсээр байна. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Хойд Солонгос улс жилдээ 500 сая ам.долларын ашиг олдог гэдгийг “Global Rights Compliance” байгууллагын сүүлийн тайланд дурджээ. Мөн ажилчид нь хатуу хяналт, хүчирхийлэл, албадлага дор хүнд нөхцөлд гацсан байдгийг анхааруулав.

Хойд Солонгос улс албадан хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрөөр 100 мянга гаруй ажилтныг 40 улсад илгээжээ. Тэднийг оёдол, барилга, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хоол үйлчилгээ гээд олон салбарт ажиллуулдаг.

Тайланд дурдсанаар, ОХУ-д барилга дээр ажиллаж буй хойд солонгосчууд өдөрт 16 хүртэл цаг ажиллаж байна. Тэр байтугай жилд ганц өдөр амраад, сардаа 10-хан ам.доллараар цалинжих тохиолдол ч байгаа аж. Мөн тэднийг халаалтгүй, хортон шавьжтай чингэлэгт бөөнөөр нь шахцалдуулж амьдруулдаг бөгөөд жилдээ 1-2 удаа л шүршүүрт орох боломж олгодог. Барилгын ажил ид явагдаж байгаа газарт ажилтнуудыг чингэлэгт амьдруулснаар тэд зугтах боломжгүй болох юм. Цаг агаарын хүнд нөхцөл, тэр дундаа Оросын хахир хатуу өвлийг хойд солонгос ажилчид болих, буцах эрхгүйгээр даван туулж байна. Өвчин, гэмтэл бэртлийг нь ч ажил олгогчид тоодоггүй гэдгийг тайланд дурджээ. Нэгэн ажилтны мэдээлснээр, тэд мал амьтнаас дор нөхцөлд амьдарч байна.

Ажилчдыг сонгохдоо хөдөлмөрийн чадвар бус дуулгавартай байдлыг нь харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл, хөгшин настай эцэг эхтэй, хүүхэдтэй зэрэг хүмүүсийг ар гэрээр нь барьцаалан, эмзэг сэдэв дээр нь дөрөөлдөг.

Украин дахь Оросын эдийн засгийг хүнд байдалд оруулж, ажиллах хүчний хомсдол үүсгэсэн. Гэвч ОХУ хойд солонгос ажилтнуудыг хөлсөлснөөрөө НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчиж байгааг дээрх тайланд дурджээ.

Үүний зэрэгцээ Орост ажиллаж буй хойд солонгосчууд Пёньянд сар бүр тогтмол төлөх ёстой мөнгөн дүнтэй. Улсын төлөвлөгөөний хувь гэж нэрлэгдэх энэ мөнгөний тухай хойд солонгосчууд Орост ирэн иртлээ мэддэггүй. Ажилтнууд сардаа 600-850 ам.доллар хүртэлх мөнгийг Хойд Солонгосын төр засагт төлөх ёстой бөгөөд үүнээсээ болж төлж дийлшгүй өрөнд унадаг. Энэ мөнгөө төлж чадахгүй бол ирээдүйд дахин гадаадад ажиллах боломжгүй болно.

ЭХ СУРВАЛЖ: SCMP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн