Шинэ Зеланд улс зарим өрхүүддээ бэлэн мөнгө олгоно

Шинэ Зеландын засгийн газар шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор айл өрхүүдэд туслах шинэ арга хэмжээг зарлалаа. Тодруулбал, дундаас доогуур орлоготой 150 мянган өрх долоо хоног бүр бензиний төлбөрт зориулж нэмэлт 29 ам.долларын мөнгөн тусламж авах юм. Энэ нь эцэг эхийнх нь аль нэг нь ажилладаг олон хүүхэдтэй гэр бүлд зориулагджээ.

Дунджаас дээгүүр орлоготой зарим гэр бүл засгийн газраас олгох мөнгөн дэмжлэгт хамрагдах боломжтой ч бага мөнгө авах аж. Энэхүү арга хэмжээ нь дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нэг жилийн хугацаатай үргэлжилнэ. Гэхдээ шатахууны үнэ дөрвөн долоо хоног дараалан литр тутамд 3 ам.доллараас доош унавал эрт зогсоох боломжтой юм байна.

Ойрхи Дорнодын мөргөлдөөн эхэлснээс хойш Шинэ Зеландад шатахууны үнэ эрс өссөн. Тухайлбал, литр тутамд 40-50 центээр өссөн бөгөөд одоо шатахууны үнэ дунджаар литр тутамд 3 ам.доллар даваад байна. Зарим шатахуун түгээх станцын нөөц нь дууссан байгаа. Учир нь хүмүүс ердийнхөөс илүү ихийг худалдаж авч байгаа аж.

Тус улсын ерөнхий сайд Кристофер Луксон засгийн газар хангалттай шатахуун байгаа эсэхийг шалгахаас гадна өндөр өртөгтэй тэмцэж буй гэр бүлүүдэд туслахыг хүсч байна гэж онцолсон. Харин Сангийн сайд Никола Уиллис энэхүү дэмжлэг нь засгийн газрын тэтгэмж авдаггүй дунд зэргийн орлоготой, ажил эрхэлдэг гэр бүлүүдэд чиглэгдэж байгаа гэж мэдэгджээ. Бусад орноос алслагдмал байрлалтай, дэлхийн худалдаанаас ихээхэн хамааралтай тул Шинэ Зеланд улс түлшний хомсдол, үнийн өсөлтөд илүү их өртөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн