Кенийн Момбаса хотын Дээд шүүхээс дэлхий нийтийг цочроосон “Шакахолагийн ойн аллага”-ыг зохион байгуулагч, өөрийгөө пастор хэмээн өргөмжилсөн Пол Маккензи болон түүний хамсаатан 28 хүнийг хүн амины хэрэгт буруутай гэж үзлээ. Шүүх бүрэлдэхүүн найман цаг гаруй хуралдсаны эцэст тэднийг 190 хүүхэд, нэг насанд хүрсэн хүн буюу нийт 191 хүний амь насыг ойн гүнд зохион байгуулалттайгаар хорьж, өлсгөж үхүүлсэн хэрэгт албан ёсоор буруутгасан байна.

Пол Маккензи нь 2003 онд “Good News International Church” хэмээх шашны урсгалыг үүсгэн байгуулж, орчин үеийн боловсрол, анагаах ухааныг үгүйсгэх үзлийг сурталчилж байгаад, 2022 онд дагалдагчдаа Шакахолагийн ой руу нүүлгэсэн байна. Тэрбээр тус ойг “Бурхны бэлдсэн зэлүүд газар” хэмээн нэрлэж, “Ертөнцийн төгсгөл болохоос өмнө Есүстэй уулзахын тулд өлсөж үхэх ёстой” гэх аймшигт номлолыг тулгаж эхэлжээ. Шүүхийн шалгалтаар уг бүлэглэл нь өлсгөлөн зарлах үйл явцыг хамгийн түрүүнд хүүхдүүдээс эхлүүлж, дараа нь эмэгтэйчүүд, эцэст нь эрчүүд үхэх хатуу дараалал тогтоосон байсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн ойн гүнд тусгай харуулууд томилон ажиллуулж, өлсгөлөнгөөс оргохыг оролдсон болон хоол хайсан хүүхдүүдийг хүчээр хорьж, тамлан зовоож, боож амийг нь хөнөөдөг байсныг гэрчүүд мэдүүлжээ.

Энэхүү жигшүүрт хэрэг 2023 оны дөрөвдүгээр сард илчлэгдсэн бөгөөд Шакахолагийн ойн гүн дэх гүехэн булшнуудаас өнөөдрийн байдлаар 400 гаруй хүний цогцос олдоод байгаагийн тал орчим хувь нь бага насны хүүхдүүд байсан юм. Шүүгдэгчид анх шүүхийн өмнө очихдоо өөрсдийгөө буруугүй хэмээн мэдүүлж байсан ч шүүхээс хэргийг нарийн зохион байгуулалттай үйлноц аллага хэмээн үзэв. Кенийн түүхэнд шашны урсгалтай холбоотой хамгийн том аллагын нэгд тооцогдож буй уг хэрэгт буруутай этгээдүүдийн ялын хэмжээг ирэх 11 дүгээр сарын 6-ны өдөр албан ёсоор зарлах бөгөөд тэдэнд бүх насаар нь хорих ял оноох нь тодорхой болоод байна. Үүнээс гадна Маккензид терроризм, радикал үзлийг сурталчилсан, хүүхэд тамлан зовоосон зэрэг тусдаа эрүүгийн хэргүүдээр ял төлөвлөн шалгаж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх