БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн Дэ Нэйче Консерванси (TNC) олон улсын байгууллагын Байгаль хамгааллын захирал Жеффри Паришыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хөтөлбөрийн Монгол орны байгалийн өвөрмөц экосистемийг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэх, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, зорилго, олон улсын туршлагын талаар танилцуулав. Мөн байгаль хамгааллын санхүүжилтийн олон улсын шилдэг туршлага, нүүрстөрөгч шингээх чадавхыг нэмэх боломж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв.
Дэлхийн байгаль хамгааллын тэргүүлэх байгууллагуудын нэг “The Nature Conservancy”-гийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” санаачилга нь Монгол Улсын байгалийн нөөц баялгийг хамгаалах, экосистемийн тогтвортой байдлыг хангах, байгаль хамгааллын салбарын урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилготойг БОУАӨЯ мэдээллээ. Хөтөлбөрийг төр, хувийн хэвшил, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэхээрээ онцлогтой юм.
Монгол Улс газар нутгийнхаа 21 гаруй хувийг улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтын хүрээнд 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 30 хувьд хүргэхийг зорьж байгаа. Иймээс байгаль хамгааллын тогтвортой санхүүжилт, үр дүнтэй менежментийн тогтолцоог бий болгох нь салбарын бодлогын тэргүүлэх чиглэл хэвээр байна.

Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улс байгалийн өвөрмөц тогтоц, биологийн олон янз байдлаа хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг багасгах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдол өгч буйгаа онцолж, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийг бий болгох, шинжлэх ухаанд суурилсан менежментийг хөгжүүлэхэд “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр чухал хувь нэмэр оруулна гэдгийг тодотгоод, Монгол Улсыг энэ санаачилгыг хэрэгжүүлэх талбар болгон сонгосонд талархал илэрхийллээ.
Мөн байгаль орчны салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэх, үндэсний бодлого, зорилттой уялдуулах, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, хамгааллыг хангах чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэж, уг санаачилгыг хэрэгжүүлэхэд БОУАӨЯ бүх талаар дэмжинэ гэв.
Уулзалтад БОУАӨЯ-ыг ТХГН-ийн Бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяа, Дэ Нэйче Консерванси (TNC) олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах, Монголын байгалийн өв сан МБӨС-ийн Удирдах зөвлөлийн дарга Болдоо, МБӨС-ийн Гүйцэтгэх захирал, Э.Номиндарь нар оролцжээ.