“Үдийн хоол” хөтөлбөрийг сайжруулах талаар төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулав

, 2026 оны тавдугаар сарын 5УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах, суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчилж, тэдний оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих чиглэлээр санал дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, тогтоол гаргав. 

“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Боловсролын, Эрүүл мэндийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг байнгын хорооны энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанаар сонсож, хэлэлцсэн юм.

Тогтоолд хүүхийн хеликобактерийн өвчлөлийг бууруулах, эрүүл зөв хооллох дадал, зуршлыг дээшлүүлэхтэй холбоотой агуулгыг нэмж тусгах саналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, О.Саранчулуун нар гаргав. Мөн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа нар сургуулийн гал тогоог сайжруулах, хүнсний хангамж нийлүүлэлт эрхэлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих шаардлага байгааг ажлын хэсэг зөвлөлөө. Санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул тогтоолын төсөлд УИХ-ын гишүүдээс саналыг тусгаж батлахаар тогтов.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, М.Сарнай нар ажиллахаар боллоо. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн