“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал Эрүүл мэндийн яаманд өнөөдөр боллоо.
“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг 1992 оноос хойш жил бүрийн 8 дугаар сарын эхний долоо хоногт дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ онд “Эхийн сүүгээр хооллолт-Амьдралын эрүүл эхлэл: Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье” уриан дор зохион байгуулж, эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нотолгоонд суурилсан, тогтвортой үйл ажиллагааг бүх түвшинд хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцолж байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр ярихдаа, “Хүүхдийн амьдралын эхний 1,000 хоног нь насан туршийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, суралцах чадвар, хөдөлмөрийн бүтээмж төдийгүй улс орны ирээдүйн хөгжилд хүртэл нөлөөлдөг хамгийн чухал үе болохыг шинжлэх ухаан нотлон тогтоосон. Иймээс энэ хугацаанд хийж буй аливаа хөрөнгө оруулалт нь хамгийн үнэ цэнтэй, үр өгөөжтэй хөрөнгө оруулалт” хэмээн тодотгов.

Мөн тэрбээр, “Энэ хугацаанд хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг нь эхийн сүүгээр хооллолт юм. Судалгаагаар хүүхдийг төрсний дараах эхний нэг цагийн дотор ангир уургаар амлуулах, эхний зургаан сард зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллох, цаашид хоёр ба түүнээс дээш нас хүртэл нэмэгдэл хоолтой хамт үргэлжлүүлэн хөхүүлэх нь хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд хамгийн үр дүнтэй нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон. Эхийн сүү нь орлуулах боломжгүй, байгалиас заяасан хамгийн төгс хүнс гэдгийг эрдэмтэн, судлаачид олон жилийн турш онцлон тэмдэглэсээр ирсэн. Энэ нь хүүхдийг зөвхөн хооллохоос гадна дархлааг нь дэмжих, тархи, танин мэдэхүйн хөгжил, сэтгэл зүйн төлөвшлийг сайжруулах, насан туршийн эрүүл мэндийг хамгаалах байгалийн хамгаалалт болдгоороо онцгой ач холбогдолтой. Нөгөө талаас, эхийн сүүгээр хооллосон хүүхдүүдийн дунд халдварт бус өвчний эрсдэл эхийн сүүгээр хооллоогүй хүүхдүүдтэй харьцуулахад бага байдаг нь олон улсын судалгаагаар нотлогдсон. Энэ нь эхийн сүүгээр хооллолт зөвхөн хүүхдийн өнөөгийн эрүүл мэндэд төдийгүй ирээдүйн амьдралын чанарт ч чухал нөлөөтэй болохыг харуулж байна” гэв.
Судалгааны дүнгээс үзвэл эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн:
- гэдэсний халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 72 хувиар
- амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 57 хувиар буурдаг
- илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх
- уушгины багтраа өвчний эрсдэлийг бууруулдаг байна.
Монгол Улс эхийн сүүгээр дагнан хооллолтын үзүүлэлтээр олон улсын түвшинд харьцангуй сайн үзүүлэлттэй боловч зарим үзүүлэлт буурах хандлагатай байгааг “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааны үр дүн харуулжээ. Тухайлбал, зургаан сар хүртэлх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолтын түвшин 59.6 хувь байгаа нь 2017 оны түвшнээс төдийлөн сайжраагүй байна. Харин 6-23 сартай хүүхдийн эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллолтын түвшин 69.7 хувь байгаа нь 2017 оны 71.8 хувиас буурсан үзүүлэлттэй байна.
Эдгээр үр дүн нь эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих бодлого, үйлчилгээ, зөвлөгөөг улам бэхжүүлж, төр, эрүүл мэндийн байгууллага, ажил олгогч, гэр бүл, олон нийтийн хамтын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Эхийн сүүгээр хооллолтыг эрүүл мэндийн тогтолцоонд суурилан дэмжих арга хэмжээг хэрэгжүүлснээр нэг ам.долларын хөрөнгө оруулалт тутамд 59 ам.долларын өгөөж хүртэх боломжтой бөгөөд энэхүү өгөөжийн ихэнх нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, боловсролын амжилт, насан туршийн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс бий болдог байна.