Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал БНКазУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 16-нд өргөн барив.
Элчин сайд Г.Батжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч К.Токаев өөрийн улс оронд хийж буй өргөн хүрээтэй шинэчлэлт өөрчлөлтүүд, тухайлбал Шударга Казахстаныг цогцлоох зорилт тавин ажиллаж буйг, мэдлэг, инновац, хиймэл оюун ухаанд тулгуурласан хөгжлийг эрчимтэй дэмжиж байгааг хэлэв. Тэрбээр 2026 оныг цахимжилт, хиймэл оюуны жил болгон зарласнаа тэмдэглэж, энэ салбарт ахиц гаргахын төлөө ажиллаж буйгаа онцлов.
Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд Г.Батжаргалд албан ёсны үүргээ хэрэгжүүлж эхэлсэнд баяр хүргэв. Ойрын хугацаанд Казахстанд хийх Монгол Улсын төрийн тэргүүний айлчлал болон Астана хотноо анх удаа болох Бүс нутгийн экологийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад бэлэн болсноо хэлж, бүс нутгийн улс орнуудтай бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч байгаагаа илэрхийлэв гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.
