КАИР, 2026 оны есдүгээр сарын 4 /Kazinform/. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Ойрх Дорнодын аюулгүй байдлыг хангах шинэ тогтолцоо бий болгох санаачилга дэвшүүлжээ.
Ши Жиньпин лхагва гарагт Каир хотноо Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ах-Сиситэй хэлэлцээ хийх үеэрээ тус бүс нутагт аюулгүй байдлын шинэ бүтцийг бүрэлдүүлэн тогтоох дөрвөн заалт бүхий саналыг танилцуулсан гэж “Xinhua” агентлаг мэдээлсэн байна.
Тэрбээр мэдэгдэхдээ, Ойрх Дорнодын улс орнууд өөрсдийн ирээдүйг бие даан тодорхойлж, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг бэхжүүлэн, гаднын хөндлөнгийн оролцоог эсэргүүцэх ёстой гэжээ.
“Ойрх Дорнодын ард түмэн өөрсдийн хэрэгт эзэн хэвээр үлдэх ёстой. Хятад улс Ойрх Дорнодын орнуудын энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг бэхжүүлэхэд, мөн аюулгүй байдлын шинэ бүтцийг бий болгох боломжийг судалж, ирээдүйгээ бие даан тодорхойлоход нь дэмжлэг үзүүлнэ” гэж БНХАУ-ын удирдагч мэдэгдсэн байна.
Ши Жиньпин Египетэд төрийн айлчлал хийхээр мягмар гарагт хүрэлцэн очжээ. Тэрбээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Ойрх Дорнодод анх удаа айлчилж байгаа нь энэ юм. Энэхүү айлчлал нь мөн Хятад, Египетийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй үед болж байна.
БНХАУ-ын удирдагч мөн бүс нутгийн аюулгүй байдлыг хангахдаа харилцан уялдаатай олон тооны зөрчил, хурцадмал байдлыг харгалзан цогц арга хэрэглэхийг уриалжээ. Ингэхдээ Палестины асуудал Ойрх Дорнодын асуудлын гол цөм хэвээр байгаа бөгөөд үүнийг хоёрдугаар зэрэгт тавьж болохгүй гэдгийг дурдсан байна.
Ши Жиньпин урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд эдийн засгийг хөгжүүлэх нь санаачилгынх нь нэг хэсэг болохыг онцолсон байна. Түүнчлэн Хятад улс Ойрх Дорнодын орнуудтай олон улсын далайн замын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлжээ.
Үүнээс гадна, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйд үндэслэн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын зохицуулалтыг чангатгах, Ойрх Дорнодын орнуудад давхар стандарт ашиглахаас татгалзахыг уриалав.
Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси уг санаачилгыг дэмжиж, хурцадмал байдлыг намжаах, бүс нутгийн аюулгүй байдлын шинэ тогтолцоог бүрдүүлэх боломжийг судлах чиглэлээр Хятад улстай цаашид уялдаа холбоотой ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Айлчлалын үеэр талууд мөн аюулгүй байдал, терроризмтой тэмцэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.
Энэхүү айлчлалын хүрээнд Хятад, Египет улсууд дижитал эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, боловсрол, тээвэр болон бусад салбарыг хамарсан 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан байна.