1998 оноос эхлэлтэй шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж, аваргууд тодорлоо.

Нээлттэй ангилалд түрүүлсэн Хятадын шатарчин Конг Шиангруй
10 хоногийн турш үргэлжилсэн 21 дэх удаагийн ААШТ-ий нээлттэй ангилалд олон улсын мастер, Конг Шиангруй 7.0 оноогоор коэффицентийн давуугаар түрүүлэв. 17 настай түүний хувьд есөн өрөг тоглохдоо тав хожиж, дөрвөн тэнцсэн амжилтаар тивийн аварга болоод зогсохгүй их мастер цолны болзол биелүүлж, 2027 оны дэлхийн цомд оролцох эрхээ авлаа. Хятадын эрэгтэй шатарчид ААШТ-ий нээлттэй ангилалд 10 дахь алтаа авч байгаа нь энэ ажээ. Мөнгөн медалийг түүний нутагт нэгт их мастер Тонг Шиао зүүсэн бол Оросын их мастер Жамсаран Цыдипов хүрэл медаль хүртэв. Дээрх гурван шатарчин дээр ОХУ-ын их мастер Савва Ветохин дөрөвдүгээрт байрт шалгарсан амжилтаар 2027 оны дэлхийн цомд оролцох эрхээ халаасаллаа.
Тэгвэл манай эрэгтэй шатарчдаас олон улсын мастер Г.Амартүвшин 26, М.Амилал 38 дугаар байрт шалгарсан нь хамгийн өндөр амжилт болов. Түүнчлэн олон улсын мастер С.Чингүүн, С.Ган-Эрдэнэ, Х.Өлзийхишиг, их мастер Ц.Батчулуун нар 5.0 оноотой тэмцээнээ дуусгажээ.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд Энэтхэгийн шатарчин, олон улсын мастер Шри Савита 7.5 оноогоор түрүүлснээр алтан медаль болон 2027 оны дэлхийн цомын эрхийн эзэн болов. Тэгвэл Узбекистаны их мастер Афруза Хамдамова эцсийн мөчид алтан медаль, дэлхийн цомын эрхээ алдан мөнгө дээр буулаа. Тэрбээр есөн өргөөс 7.5 оноо авч тэргүүлэгчтэй оноогоор тэнцсэн ч коэффицентийн дутуугаар дэд байрт шалгарав. Хүрэл медалийг Хятадын шатарчин, олон улсын мастер Юүшин Сонг авсан байна.
Манай шатарчдаас их мастер Т.Мөнхзул 12, Б.Мөнгөнтуул 16, олон улсын мастер Б.Мөнгөнзул 20 дугаар байрт шалгарчээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Энэтхэгийн шатарчин Шри Савита Б.