Чой Жин Вон: Солонгос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хангалттай боломж бий

, 2026 оны гуравдугаар сарын 26Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн урилгаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон өнөөдөр тус сургуулийн багш оюутнуудад “Дипломат харилцаа тогтоосны 36 жил-Солонгос Монголын харилцаа” сэдвээр лекц уншлаа.

Элчин сайд Чой Жин Вон уулзалтын эхэнд хэлэхдээ, “Жил бүрийн гуравдугаар сарын 26 нь Солонгос Монголын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхэн өдөр болохыг онцлоод, Монгол оронд эхлүүлсэн ардчиллын түүх хоёр орны хооронд тогтоосон дипломат харилцааны он жилүүд нас чацуу болох”-ыг тодотголоо.

Түүнчлэн Элчин сайд Чой Жин Вон цааш хэлэхдээ, “2024 оны гуравдугаар сард Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, Итгэмжлэх жуух бичгээ хоёр сарын дараа өргөн барьснаар үүрэгт ажилдаа орсон. Өмнө нь 2009-2011 онд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байсан. Хоёр дахь удаагаа ирэхэд монгол орны нийгэм, эдийн засагт ихээхэн өөрчлөлт гарсан байсан.

Тухайлбал, 2010 онд нэг хүнд ногдох ДНБ дунджаар 3000 ам.доллар байсан бол 2025 онд 6500 ам.доллар болж өссөн нь Монгол Улсын хөгжлийг илтгэх нэг үзүүлэлт юм. Харин хоёр орны хооронд хийсэн худалдааны эргэлт 1990 онд 2,7 сая ам.доллар байсан бол 2025 онд 690 сая ам.долларт хүрээд буй. 1990 оноос хойш Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцааны салбар олон талт болж өргөжсөн тул БНСУ-ын талаас илүү их анхаарч ажиллах шаардлага үүссэн” гэлээ.

Элчин сайд яриандаа, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд томоохон түлхэц болсон хүчин зүйл бол 1991 оноос хойш хэрэгжүүлсэн хоёр орны Ерөнхийлөгч нарын тодорхой хугацааны давтамжит төрийн түвшний айлчлалууд юм хэмээгээд, үүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 2021 онд дээд түвшний цахим уулзалт хийж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр харилцан тохиролцсон гэдгийг дурдлаа.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжснөөр солонгос орныг сонирхох, солонгос хэлийг шамдан суралцах иргэдийн тоо жилээс жилд өссөн. 1992 онд анх их сургуулийн түвшинд солонгос хэлний ангийг нээж байсан бол өнөөдөр ерөнхий боловсролын 33 сургууль солонгос хэлний анги нээж, сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 

Ингэснээр солонгос хэлтэй монгол иргэдийн тоо өссөн. Тэр хэрээр хоёр орны иргэдийн ойлголцол нэмэгдэж, харилцан зорчих явдал өссөн. Тодруулбал, 2025 онд Солонгос улс руу зорчсон монгол иргэдийн тоо давхардсан тоогоор 176 мянга байсан бол Монгол Улс руу зорчсон солонгос иргэдийн тоо 190 мянгад хүрсэн. Тус улсад өнөөдөр 60 мянган монгол иргэн ажиллаж амьдарч байна гэж Элчин сайд ярилаа.

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тэлж байгаа ч үүнээс илүү өргөжүүлэх хангалттай боломж бий гэж Элчин сайд Чой Жин Вон тэмдэглэв.

Чой Жин Вон: Солонгос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хангалттай боломж бий

Чой Жин Вон: Солонгос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хангалттай боломж бий

Чой Жин Вон: Солонгос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хангалттай боломж бий

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн